Эдгээр дөрвөлжин булш нь ойролцоогоор 30 орчим бөгөөд тэдгээрийн хашлага чулууг Тэмээн чулууны амны ойролцоох уулаас авсан саарал боржин чулуун хавтангаар хийжээ. Чулуун хавтангуудыг булшинд ашиглахдаа засалгүй ирмэгээр нь газарт суулгажээ. Хашлага чулуу нь харьцангуй өндөр боловч хоорондоо хэмжээний хувьд харилцан адилгүй. Булшнуудын хашлага чулуунд гурван буган хөшөөг ашиглаж нэг хөшөөний оройг доош харуулж шигтгэжээ.
Буган хөшөө ашигласан эдгээр булшнуудаас гурван булшийг малтаж шинжилсэн бөгөөд эдгээрээс хоёр нь тоногдсон байв. Гэвч малталтын үед тэдгээрээс үхэр, хонины яс, түрэг, уйгурын үеийн хээ тамгатай ваар савны хагархай зэрэг нэлээд зүйл олдсоны дотор гурав дахь булшны нүхний ёроол буюу том хавтгай чулууны дороос нэг ширхэг морины туурай олдсон байна. Эдгээр дурсгалыг Монгол-Зөвлөлтийн эрдэмтэн Д.Цэвээндорж, В.В.Волков нар 1971 онд малтан судалжээ.
Нэгдүгээр буган хөшөө. Энэ буган хөшөөг гурав дахь булшны өмнө талын хашлага чулуу болгосон байв. Хөшөөг 2.2 м өндөр, 55 см өргөн, 16 см зузаан боржингоор үйлджээ. Нэг өргөн хавтгай тал дээр нь буганы сонгодог маягийн дүрслэл, 10 см өргөн бүслүүр байв. Бүслүүр нь тахир мухар зураас (зиг заг) хэлбэртэй. Бүслүүрийн доор цагираг хэлбэрийн сэнжтэй хутга, бүслүүрийн дээр таван өнцөгт бамбай, нум сум, 12 см голчтой дугуй дүрс бий. Хөшөөний дээд хэсэгт толгой нь зүүнээс баруун тийш чиглэсэн бугын дүрсүүд сийлэгдсэн байдаг.
Хоёрдугаар буган хөшөө. Малталт хийх үед энэ хөшөө нь нэг дэх хашлага чулууны хажууд хэвтэж байсан агаад анх гурав дахь хүрээний өмнө хэсэгт байрлаж байсан бололтой. Хөшөөг 2.5 м өндөр, 50 см өргөн, 25 см зузаан саарал боржингоор үйлджээ. Буган хөшөөн дээрх зураг бүдэг бадаг боловч нэг талын өргөн хэсэгт бугын дүрс, түүний доор гурвалжин дүрс бүхий бүслүүр, түүний ар талд таван өнцөгт тортой бамбай зэрэг дүрс ажиглагдана.
Гуравдугаар буган хөшөө. Энэ буган хөшөө мөн булшны хойд талын хашлаганд орой нь доошоо харсан байдалтайгаар байсан. Хөшөө их элэгдэж эвдэрсэн байх авч буганууд болон гурвалжин дүрс бүхий бүслүүр, ар (нарийн) талынх нь сараалжин хээтэй бамбай, дүрс ажиглагдана.