Нэгдүгээр буган хөшөө: Хар ногоон өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн бөгөөд түүний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар мэт дугуй цагираг, их биенд таван бугыг толгойгоор нь хөшөөний дээд тал руу жишүүдүү хандуулан загварчлан дүрслээд ар талын өргөн хавтгайд мөн адил дөрвөн буга урласны доороосоо хоёр дахийг толгойгоор нь хөшөөний доод тал руу хандуулан сийлжээ. Хөшөөний зүүн талын нарийн хавтгайн дээд хэсэгт нэгэн бугыг хушуугаар нь дээш нь хандуулж дунд хэрд бамбай, түүнээс хоёр бугыг зөрүүлэн нэгийг нь хушуугаар дээш, нөгөөг доош харуулан мөн загварчлан дүрсэлжээ. Хөшөө 1.8м өндөр, 0.6м өргөн, доогуураа 0.4м дээгүүрээ 0.15м зузаан.
Хоёрдугаар буган хөшөө: Нэг дэх буган хөшөөнөөс зүүн хойш дөрвөн метрийн зайд оршино. Энэ хөшөөг хар ногоон өнгийн гантиг чулуугаар үйлдэж нүүрэн талын өргөн хавтгайд гурван бугыг загварчлан дүрсэлсний хоёрыг хушуугаар нь хөшөөний орой руу хандуулжээ. Гурав дахь бугыг эврээр нь хөшөөний орой руу хандуулсан бөгөөд түүний эврийг буган хөшөөн дээр элбэг тохиолддог шиг их биеийг дагуулж урлаагүй харин чанх дээш нь босгож урласан нь сонин аж. Энэ хөшөөний зүүн хажуугийн дээд хэсэгт нар, дунд хавьд чинжаал хутга сийлж доогуур нь бүс татаж түүнийхээ доор нэгэн тамга цохиж гаргасан бөгөөд хөшөөний ар талын хавтгайн дээд хэсэгт нар, түүнээс доош гурван бугыг загварчлан дүрсэлсний хоёр захынх хушуугаараа хөшөөний орой руу жишүүдүү хандсан байхад дундах нь эсрэг зүгт ханджээ. Хөшөөний баруун талын нарийн хавтгайн дээд хэсэгт бамбай, түүний доор хушуугаар нь хөшөөний орой руу хандуулан нэг бугыг загварчлан дүрсэлжээ. Хөшөө 1.8 м өндөр, 0.5 м өргөн, 0.22 м зузаан.