Мянган хонхорын буган хөшөө

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Хотон, Хурган нуурын хүзүүвчнээс зүүн урд зүгт Мянган хонхор хэмээх газарт нэлээд тооны дугуй хүрээт хиргисүүр, булш, хөшөө чулуу, балбал чулуу бий. Тэдгээрийн урд захад буган хөшөө байдаг. Энэ хөшөөг анх 1899-1901 онд П.К.Козловоор удирдуулсан шинжилгээний ангийн A.Н.Казнаков, В.Н.Ладыгин нар олж гар зураг үйлджээ. Хөшөөний өндөр 137см, өргөн нь 50см, зузаан нь 16см бөгөөд боржин чулуун дурсгал юм.
 
Буган хөшөөний баруун талд хоёр иштэй онги дүрслэн, онгины хажуу болон чанх дороос нь хоёр бугыг сонгодог хэлбэрээр урд хойд хөлийг гуя болон шилбээр нь хагаслан доош харайж буй байдалтай, урт салаа эвэргүйгээр дүрсэлжээ. Хоёр бугын хойд биеийн хоорондох дунд хэсэг, онгины зүүн дор мөн доош харан харайж буй чоныг жижгээр сийлсэн байдаг. Энэ хөшөөн дээрх бугыг доош уруу харуулан дүрсэлсэн нь онцлог юм. Буган хөшөөдийн дүрслэлд бугыг ихэнхдээ дээшээ тэнгэр эрхэс, нар өөд тэмүүлсэн байдлаар сийлэх нь нийтлэг байдаг. Гэвч бугыг газар руу харуулах, ээлжилж солбиулан дүрсэлсэн байдал цөөн боловч тохиолддог. Мянган хонхорын буган чулуун хөшөө нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн дунд үед холбогдоно.