Морин толгойн буган хөшөө

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын хойд биед орших Морин толгой уулын өвөрт 120 дөрвөлжин булш, 24 хүннү булштай. Морин толгойн дөрвөлжин булшны зүүн урд буй нэгэн дөрвөлжин булшинд гурван буган хөшөөг түүний баруун, хойд, зүүн хана болгон ашигласан бөгөөд судлаачид баруун, зүүн ханын буган хөшөөг үзэж, харин хойд ханан дахийг танилгүй газар шигдээстэй байсныг хожим малтан гаргаж судалсан юм.


Нэг дэх буган хөшөө. Дөрвөлжин булшны баруун хана болгон ашигласан энэ хөшөө 2 м өндөр, 42 см өргөн, 23 см зузаан хэмжээтэй бөгөөд түүнийг нарийн ширхэгтэй ногоон саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөний гадарга дээгүүр улаан өнгийн зузаан хаг тогтсон тул сийлбэр нь цайвар өнгөтэй харагддаг. Гонзгой хэлбэртэй чулууг засалгүй шууд сийлбэр сийлжээ. Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт нар, түүнээс доош том жижиг гурван бугын хоншоорыг уруу нь харуулан дүрсэлсэн. Хөшөөний баруун хажууд нэгэн бугын хоншоорыг хөшөөний орой руу хандуулж түүнээс доош таван талтай, тагнай хээтэй бамбай дүрсэлжээ. Хөшөөний арын хавтгайд том жижиг гурван буга, чинжал, дугариг толь, ирвэс шүлүүсний төрлийн амьтныг хонхойлон цохиж дүрсэлжээ. Хөшөөний зүүн хажууд бас сийлбэртэй. Хөшөөнөө дүрсэлсэн бүх бугыг загварчлан шувуу мэт урт нарийхан хошуутай, хээ угалз мэт олон салаа эвэртэй, шавхнуун биетэй, бөмбөгөр хондлойтой, урт нарийхан чихтэй, том дугариг нүдтэй, дүүлж харайж буй мэт ихэд гоёмсог урлажээ. Хөшөөний арын өргөн хавтгайн зүүн захад урласан нэгэн бугын бөгс нь тухайн хавтгайд багтахгүй болоход нөгөө тийш нь эргүүлэн мушгиж дүрсэлсэн нь сонирхолтой.

Хоёр дахь буган хөшөө. Булшны зүүн хананд ашигласан байсан. Түүний орой хугархай (шинэхэн хугарсан) үлдэж доод хэсэг нь алга болжээ. Хөшөөний оройн наран талд нар, нэг жижиг бугын толгойг уруу нь харуулан урлажээ. Хөшөөний өргөн талын оройн хэсэгт том жижиг хоёр бугыг хөшөөний орой руу хоншоорыг нь хандуулан дүрсэлсний том бугын дүрсний бөгсөн хэсэг нь хөшөөг хагарахад таслагджээ. Хоёр бугын зүүнтэй дугуй дотор жижиг янгир дүрсэлжээ. Энэ хөшөөний бугуудыг мөн л загварчлан дүрсэлсэн.

Гурав дахь буган хөшөө. Дөрвөлжин булшны хойд хана болон ашигласан байсан. Хөшөөний наран талын оройн хэсэгт нар, хөшөөний орой руу хоншоорыг нь хандуулан том жижиг дөрвөн бугын дүрсээр хөшөөг зүүн доороос баруун дээш ороон дүрсэлсэн. Бугуудыг мөн л загварчлан урлажээ. Хөшөөний нүүрэн талын хавтгайн бугануудын хооронд нум сум, зүүн хажуугийн хавтгайн доод хэсэгт толь, байлдааны алх, бөөрөнхий тольтой чинжал дүрсэлсэн. Чинжалын урт 44 см. Эдгээр хөшөөн дээрх чинжаал, байлдааны алх, толь зэрэг нь хүрэл зэвсгийн сүүл үед НТӨ XII-VIII зуунд холбогдоно.

Бугын болон бусад амьтны дүрсийг мушгиу урлах арга НТӨ V-IV зууны үед Алтай нутагт амьдарч байсан овог аймгуудын дунд түгээмэл дэлгэрсэн бөгөөд амьтны загварт урлагийн "Алтайн онцлог" арга гэгддэг. Гэтэл эдгээр аргаар Алтайнхаас бүүр өмнө Морин толгойн хүрэл зэвсгийн үеийн буган хөшөөнөө бугын бөгсөн биеийг мушгиу дүрсэлсэн нь эрдэм шинжилгээний хувьд их сонирхолтой юм. Морин толгойн хөшөөн дээрхтэй ижил буган хөшөөнөө бугын бөгсөн биеийг нь мушгиу дүрсэлсэн зургийг В.В.Волков нийтэлсэн боловч чухам аль газрын хөшөөнөө буйг тодорхой дурдаагүй. 1983 онд бид Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Өвгөнтийн хаднаас мөн бугын бөгсөн биеийг нь мушгиу дүрсэлсэн зураг олдсон бөгөөд уг зураг хүрэл зэвсгийн үед холбогдох юм.

Баримтуудаас үзэхэд амьтны загварт урлагийн энэхүү өвөрмөц арга болон амьтны бөгсөн биеийг мушгиу дүрсэлдэг арга хүрэл зэвсгийн үед хадны зураг, буган хөшөөнөө тухайн амьтныг дүрслэхэд уг талбайд багтахгүй болоход түүнд зохицуулан мушгиу дүрслэхээс эхлэн үүссэн ба хожим Алтай нутгийнхан мод, ясан эдлэлийн хэлбэрт зохицуулан урлаж энэхүү аргыг хөгжүүлснийг Төв болон Уулын Алтайн төмөр зэвсгийн түрүү үеийн булшнуудаас гарсан олон олдвор хэрэглэгдэхүүнүүд гэрчилнэ.