Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт, сумын төвөөс 12 км зайд Хар бухын голын гүүрний дэргэд байдаг. Нутгийнхан Хунтайжийн балгас, Хадаасангийн балгас гэдэг. IX-X зууны үед хамаарах хятан бичээстэй дээврийн ваарнууд олдсон нь Чин толгойн балгаснаас гарсантай яг ижил байсан учраас Киданы үед хамааруулан үздэг. XYII зууны үед хэрэмний туурь дотор монголчууд чулуун хийдийг барьсан нь мэдэгддэг.
Хэрмийн туурь хааш хаашаа 500 метр орчим талбайтай, түүний дотор баруун, зүүн тийш гарсан гол гудамжтай, гудамжны хоёр талаар барилгууд байсан оромтой. Зарим барилгууд гадуураа тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байжээ. Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн өрж барьсан нь онцлог байдаг. Эдүгээ Хар бухын балгасанд хоёр давхар ордны хана, чулуун суваргаас үлдсэн байдаг.
Монголын ууган археологич Х.Пэрлээ тус балгасыг судлах явцад XY-XYI зууны үед холбогдох үйсэн дээр бичсэн монгол хуулийн эмхэтгэлийг олсон бөгөөд тэдгээр үйсэн номуудад янз бүрийн шашны сэдэвтэй судар, хууль цаазын эмхэтгэлүүд, монгол бичгийн цагаан толгойн үсэглэл зэрэг зүйлүүдийг бичсэн байжээ. Энэхүү Хар бухын балгасыг 1998 онд "түүх, соёлын дурсгалт газар" зэрэглэлээр улсын хамгаалалтанд авсан.
Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн багийхан XY-XYII зууны үед бичигдсэн 60 гаруй хуудас үйсэн бичиг, 3 хуудас төвд бичиг, мөн эртний хятан бичигтэй гэрэлт хөшөөг илрүүлсэн. Эртний хятан бичгийг эрдэмтэд бүрэн тайлж чадаагүй байна. Харин үйсэн бичгийг бэхжүүлэх, хадгалах, сэргээх ажлыг хийсэн бөгөөд судалгааны багийнхны таамаглалаас үзэхэд Хар бух балгаснаас олсон үйсэн номууд XYI-XYII зууны үед Монгол оронд бурханы шашин хэрхэн дэлгэрч байсан, хүрээ хийд байгуулагдаж, бурханы номыг хэрхэн монгол хэлнээ орчуулж байсан тухай эх сурвалж болох бичвэрүүд ажээ. Түүнээс гадна уг бичээсээр XY-XYII зууны үед монголчууд үйсэн ном бүтээдэг байсныг гэрчилж, Хар бухын балгас нь түүх, соёлын томоохон төв байсныг нээн илрүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой гэж төслийн багийнхан үзсэн.
Бичээс төсөл: 1996 оноос Монголын нутаг дахь эртний бичиг үсгийн дурсгалуудыг шинээр хайж илрүүлэх, судлах, утгыг нь тайлах, эртний соёл иргэншлийг өнөөгийн иргэдэд таниулах, сурталчлах зорилгоор байгуулагдсан төсөл бөгөөд судалгааны багт Монголын талаас профессор А.Очир, доктор Л.Эрдэнэболд, Японы талаас профессор К.Мацуда, профессор Т.Мацукава, профессор Т.Мураока нар багтжээ.
Судалгааны үр дүнд зөвхөн Хархорин, Эрдэнэзуу хийдийн орчмоос монгол, дөрвөлжин, араб, перс, хятад зэрэг бичээс бүхий 19 хөшөө, олдвор олжээ. Хөшөө, дурсгалуудад ихэвчлэн шүлэг, хууль цаазын талаар сийлсэн байжээ. Бүх хөшөө дурсгал Ази, Европын олон улс үндэстний засаг захиргааны зохион байгуулалт, эдийн засаг, шашин, соёлын харилцаа гээд бүхий л мэдээллийг хадгалсан шинэ эх сурвалж, судлагдахуун болохуйц олдвор болсноороо онцлог юм. Бэхжүүлж, сэргээн засварлах ажлыг Монголд хийдэг ч багаж техникийн зайлшгүй шаардлага гарвал Япон улс руу аваачиж сэргээдэг байна. Бичээс төслийнхөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Бүлээн гэдэг газраас 183 см өндөр, 53 см өргөнтэй, их хятан бичгээр долоон мөр сийлсэн гэрэлт хөшөөг олсон бөгөөд гэрэлт хөшөөг 1058 оны 8-р сарын 1-нд босгосон байх магадлалтай гэж үзсэн. Тус хөшөө нь Монголоос олдсон анхны хятан бичигт хөшөө юм.