Зуны голын буган хөшөө

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг Зуны голын зүүн талд (Хүрэн толгойн бэлд) есөн ширхэг буган чулуун хөшөө, дөрвөлжин хүрээт том хиргисүүр, жижиг булшнууд бүхий цогцолбор дурсгал оршдог.
 
Хөшөөнүүдийг занар, боржин, гантиг чулуугаар хийсэн байх ба дөрөв нь босоо, тав нь хэвтээ байрлалтай, ихэнх нь хугарч, цуурч элэгдэл гэмтэлд оржээ. Буган хөшөөдийн бугын галбир хэлбэр нь Монголын буган хөшөөнд нийтлэг дүрслэгддэг хэлбэр дүрслэлтэй адил боловч хэд хэдэн хөшөөнд дугуй "нар" байхаас гадна бугануудыг нь доош хандуулан, өөд уруу нь солбин хослуулсан дүрслэл ажиглагдана. Эдгээр буган хөшөөд дунджаар 150-160см өндөр, 40см орчим өргөн, 25см орчим зузаан агаад буган хөшөөнд байдаг бусад зэр зэвсэг, ан амьтдын дүрслэл байдаггүй. Бугыг төгс сонгодог хэлбэрээр дүрслэхийн сацуу урд, хойд хөл зэргийг гүйцэд гарган бодит, урт сунасан байдалтай цоолборлосон байдал тохиолдоно. Эдгээр хөшөөд нь хүрэл зэвсгийн үед холбогдох буган хөшөө бүхий дурсгал юм.