Дунд жаргалантын буган хөшөө

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн нутаг Дунд Жаргалантын голын хөндийд нэлээд хэдэн дөрвөлжин булш байгаа бөгөөд тэдний хана булан зэрэгт таван ширхэг буган хөшөө бий. Эдгээр хөшөө тус бүрийг авч үзье.

 

Буган хөшөө 1: Хөх саарал өнгийн гантиг чулуугаар үйлдсэн. 1.65м өндөр, 40см өргөн, 30см зузаан хэмжээтэй. Хөшөөний их биенд нүүрэн талд нь гурван, баруун хажууд гурав, ар талд дөрөв, нийт том, жижиг долоон бугыг загварчлан дүрсэлж бугануудын доогуур олон зэрэгцээ эгц босоо зураастай хээтэй бүс татжээ. Хөшөөний баруун талын оройн хэсэгт хүний толгойн дүрсийг товойлгон сийлж нүүрэн талын дээд хэсэгт дугуй хавтгай (толь), арын дээд хэсэгт цагираг (нар), зүүн хажууд (бүснээс дээш) бамбайн дүрсийг хонхойлгон цохиж урласан.
 
Буган хөшөө 2: Хөх саарал өнгийн нарийн ширхэгтэй гантиг чулуугаар үйлдсэн, өндөр нь 2.5м, өргөн нь 32см хэмжээтэй. Энэхүү хөшөөний зөвхөн нүүрэн талын дээд хэсэгт урласан цагираг (нар), их биеийг ороолгон загварчлан дүрсэлсэн таван буга, хөшөөний доод хэсгээр ороолгож урласан олон зэрэгцээ босоо зураасан хээтэй бүс зэргийн сийлбэрээс бусад нь хаганд идэгдэж ихэд элэгдэж эвдэрсэн тул бараг мэдэгдэхгүй болсон.

Буган хөшөө 3: Хөх саарал өнгийн нарийн ширхэгтэй гантиг чулуугаар үйлдсэн, өндөр нь 2.5м, өргөн нь 40см, зузаан нь 20-38см (хөшөө доошоо шувтан) хэмжээтэй боловч оройн хэсэг нь хугарч унасан байдалтай. Хөшөөний их биеийг ороолгон арван бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар урлажээ. Хөшөөг ороолгон хөрөөний ир мэт зургаан см өргөн бүс татсан. Хөшөөний зүүн хажуугийн нарийн хавтгайн дунд хэрд бамбай, бүсний доор нэгэн тамга, арын өргөн хавтгайд байлдааны зээтүү, хөшөөний урд талын өргөн хавтгайд дугуй тольтой чинжаал хутга, саадаг мэтийг зүүсэн байдалтай дүрсэлжээ.

Буган хөшөө 4: Хөх саарал өнгийн нарийн ширхэгтэй боржин чулууг засаж үйлдсэн, 2.2м өндөр, 40см өргөн, 30см зузаан хэмжээтэй бөгөөд зүүн, баруун хажуугийн сийлбэр элэгдэж мэдэгдэхгүй болсон. Хөшөөний дээд хэсэгт цагираг (нар), нум (сар) сийлж түүний доогуур нарийхан зураас (бүс) цохиж гаргажээ. Хөшөөний их биед хоёр бугыг хушуугаар нь уруу, дөрвөн бугыг өөд хандуулан загварчлан дүрслэх сонгодог аргаар урласан. Хөшөөний арын дээд хэсэгт цагираг (нар), нэг бугыг дүрсэлсэн нь бас мэдэгдэнэ.

Буган хөшөө 5: Хөх саарал өнгийн нарийн ширхэгтэй гантиг чулуугаар үйлдсэн, өндөр нь 1.65м, өргөн нь 40см, зузаан нь 30см хэмжээтэй. Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт цагираг (нар), түүний доогуур ганц зураас бүс, хөшөөний доод хэсгээр тойруулж урласан хөрөөний ир мэт хээтэй өргөн бүс зэрэг дүрс мэдэгдэнэ. Харин хөшөөний ар, баруун, зүүн хажуу их биед урласан сийлбэрүүд элэгдэж хагшраад бараг мэдэгдэхгүй болсон.


Эдгээр хөшөөд он цагийн хувь хүрэл зэвсгийн эцэс, төмөр зэвсгийн эхэн үед хамаарна. Дөрвөлжин булшны өнцөгт хүрэл зэвсгийн дунд үед бүтээгдсэн хөшөөг ашигласан байсан. НТӨ YII-IX зууны үед холбогдоно. Хөшөөнд бугыг хажуугаас нь ихэд гоолиг урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуйдуу төмбөгөр хондлойтой, богино сүүлтэй, урт нарийхан хөлтэй, хоншоорыг шувууны хушуу мэт урт нарийн, эврийг хээ угалз мэт дүрсэлсэн байдаг.