Дээрх бугууд цөм хөлгүй шахам буюу заримд нь ором төдий хөл гаргажээ. Хөшөөний ар талд иймэрхүү янзаар дөрвөн бугыг дүрслэхдээ хамгийн дээд талд буй бугын их биеийг бараг бүтнээр нь доод талын хос бугын зөвхөн цээжин талыг дүрсэлж эдгээр бугын дор хөндлөн зураас бүхий дөрвөлжинг сийлсэн байна. Буганы дүрсүүд цөм хурц сэрвээ бүхий бөгөөд сэрвээ дээр нь нөгөө бугын омрууг тааруулсан тул урт шувуун хошуу нь өмнөх бугын эвэр доогуур орж, хос бугануудын махиралдсан эвэр нэгэн зүгт чиглэн орон зай эзэлснээрээ буган хөшөөний өвөрмөц содон урлал болсон байна. Энэхүү буган хөшөөг он цагийн хувьд Х.Т.Ө VII- III зуунд хамаарагдах бололтой гэж судлаачид үздэг.