Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын Хар хаднаа түүхийн олон үед холбогдох зураг дүрслэл нэлээд буйн дотор хурц үзүүртэй багажаар зурж сийлсэн цэрэг эрсийн зураг онц сонирхолтой. Хадны дээд хэсэгт дорно зүг хойно хойноосоо цуварч яваа хоёр хуягт морин цэрэг, тэдгээрийн доод талд өөдөөс нь сөрж яваа нэгэн хуягт морин цэрэг, түүний ард нумаар зэвсэглэсэн дуулгатай явган цэргийг дүрсэлжээ. Цэрэг эрсийн заримыг өвч хуягтай, заримыг хуяггүй, өргөн мөртэй, нарийхан бэлхүүстэй, морьдыг өвч хуягтай дүрсэлсэн байна. Хадны доод хэсэгт дээрээс доош цувуулан хоёр хуягт морин цэргийг томоор дүрсэлжээ. Тэдгээрийн дээд талд буга, урд ба доод талд олон тооны янгир зурсан. Харин хоёр морьтон цэргийг янгирын зураг дээр давхарлан зурсан нь тод мэдэгддэг. Хадны зүүн хэсэгт нэг тэмээ, түүний доод талд тэмээ унасан хүнийг бүх талбайгаар нь хонхойлон цоолборлосон. Дээд талын гурван морьт цэргийн хойд талд хөлөө атийлгасан нэг буга, түүний дээд талд биеийн хэлбэрийг гоёмсогоор илэрхийлсэн адуу бий.
Эдгээр зургийг олж анх нийтэлсэн М.Шинэхүү Жужаны үе буюу IV-VI зуунд холбогдуулан үзсэнийг Д.Цэвээндорж, Г.Сүхбаатар нарын зэрэг судлаачид дэмждэг ба Оросын зарим судлаачид Түрэгийн үед хамааруулан үзэх саналтай байдаг.
Энэхүү Цамбагаравын Хар хадны зураг дахь янгирын зургийг хүрэл зэвсэг, төмрийн түрүү үед хамааруулж, харин морьтон цэргийн зургийг Жужан буюу Их Нируны үед зурагдсан хэмээн үздэг байна.