Цагаан салаагийн хадны зураг

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Цагаан Салаа буюу Бага Ойгорын хадны зургийг анх 1979 онд археологич Д.Цэвээндорж нээн илрүүлж, 1994 - 1996 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан “Алтай” төслийн хүрээнд нягтлан шинжилжээ. Бага Ойгорын уулын өвөр биеийн хаднаа 15км зайд хэсэг хэсгээр зурагдсан энэ дурсгалыг эртний хүмүүсийн зураг урлалын бүхэл бүтэн галерей гэж хэлж болох бөгөөд нийтдээ 10000 орчим зургаас бүрддэг хэмээн тогтоожээ.
 
Цагаан салаагийн хадны зураг нь уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг. Ан амьтдыг урнаар урлаж тэр үеийн ан агнуурын арга барил, зэрлэг амьтдын ааш араншингийн талаар маш дэлгэрэнгүй тод дүрсэлсэн нь утга санаа, тоогоороо хосгүй зүйл гэж тооцогддог. Төв Азийн гайхамшигт дурсгал болсон эл “галерей”-н гол сэдэв нь мал аж ахуй, ан агнуур бөгөөд ан амьтдыг голдуу зуугаас дээш тооны сүргээр, том томоор дүрсэлсэн онцлогтой. Үүнээс гадна хадны зургуудын агуулга, дүрслэл, зохиомжийн хувьд хамгийн баялаг дурсгал юм.
 
Цагаан салаагийн хадны зураг нь шинэ чулуун зэвсгийн үе (НТӨ 6000-3000 жил) болон хүрэл зэвсгийн үе (НТӨ 3000-1000 жил)-д буюу Монгол нутагт оршин суугчид эртний анчдаас мал аж ахуйд шилжиж, улмаар нүүдлийн сонгодог мал аж ахуйг хөгжүүлж эхэлсэн цаг үед холбогдох эртний зураг урлалын хосгүй дурсгал юм. Иймэрхүү хадны зураг Дундад Ази, Өмнөд Сибирь, Алтай хийгээд Хятад, Түвд оронд өргөн тархсан байдаг боловч талбай, тоо хэмжээ, уран сайхны илэрхийллээр Цагаан салаагийн хадны зураг тэдгээрээс давуу юм.