Нэгэн хаднаа нарийхан махир эвэртэй, зүүдгэр биетэй янгирын араас дагаж яваа олон нугачаатай данхар эвэртэй, лагс биетэй, сүүлээ модойлгон сөхсөн янгир үзэгдэх бөгөөд түүний ухна болохыг зориуд цохон чивийг босгож зуржээ. Зүүнтэй нь нум сум онилсон нэг явган хүн, буга унаж урт жад барьсан хүн хоёр байна. Жад нь гилбэрийнхээ ард цацагтай, ишнийх нь ар үзүүрр махир бөгөөд бас уяа буюу цацаг мэт өргөн зүйл унжжээ. Буга нь богино гурван салаа эвэртэй, богиновтор хөлтэй зэргийг бодоход цаа буга гэлтэй. Хадны зурагт буга унасан хүний зураг тун ховор тохиолддог учир энэ зураг үүгээрээ онцлог. Энд бас хоёр хөлөө алцайж зогсоод нум сум онилон харвахыг завдан буй хүний дүрс байх бөгөөд нум нь богино, мөрний матаасны байдал зүймэл бололтой. Нумыг онилоод харвахыг завдан буй хүний эр хүйсийг цохон үзүүлжээ. Сумын зэв нь том толгойтой гурвалжин хэлбэртэй аж. Цагаан өтөгийн хадны эдгээр зургуудыг судлаачид он цагийн хувьд төмөр зэвсгийн түрүү үед буюу НТӨ III-I мянган жилд хамаатай гэж үздэг.