Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Хонгиогийн голын хадны зурагт энэ голын савд орших Алаг чулуу, Ихэр толгой, Хөшөөтийн хадны зургууд хамаарах бөгөөд 1979 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедиц анх олж илрүүлжээ.
Алаг чулууны хадны зураг. Эрдэнэбүрэн сумын хоёрдугаар багийн нутаг Алаг үзүүрийн зүүн суганд буй өвөлжөө бүхий хэсэг цохиог Алаг чулуу гэнэ. Алаг чулууны наранд ээвэр энгэр талын тавь гаруй толигор хаданд ганц нэгээр болон сүргээр нь янгир, буга, чоно, үнэг, гөрөөс, тэмээ, үхэр, явган ба тэмээ унасан хүн, нум сумтай ан гөрөө хийж байгаа анчид зэргийг бүх талбайгаар нь хонхойлон цохиж сийлжээ.
Алаг чулууны нүүрэн талын төвд орших нэгэн хавтгай хаданд гуч гаруй янгир, зорголоо дагуулсан нэг илий юм уу бугыг дүрсэлсэн байдаг. Энд бараг бүх амьтдыг зүүн тийш харуулан, ихэнхдээ янгирын эврийг дан ганц зураасаар, дөрвөн тохиолдолд нугачаа үеийг маш тод гарган дугуйруулж урлажээ. Янгир, аргалийн эврийн нугачаа үеийг тийнхүү тод цохиж гарган дүрсэлдэг арга барил монгол ба түүний хөрш зэргэлдээ нутагт өргөн тархсан байдаг. Зургийн дээд талд эгц босоо эвэртэй бугыг, түүний өөдөөс харж зогссон зорголын хамт нэлээд бодитой дүрсэлжээ. Баруун захын нэгэн хаданд богино нумаар таван янгир, нэг бугыг хөөн намнаж буй дөрвөн гөрөөчин, тэдний эсрэг талд эдгээр анг үргээж буй байдалтай зэр зэвсэггүй нэгэн хүнийг харуулсан байна. Баруун дээд тал дахь нэгэн босоо хавтгай хаданд буга, янгир, чоно, нохой, явган хүн, үхэр зэргийг хонхойлон цохиж сийлсний дотроос данхар том эвэртэй хоёр үхэрт анжистай төстэй зүйлийг хөллөөд хөллөж яваа хоёр хүнийг дүрсэлсэн зураг ихэд сонирхол татдаг. Уг зургаар Монголд неолитын үед үүсээд хүрэл зэвсгийн үед улам боловсронгуй болсон гэгддэг газар тариалангийн үйл ажлыг харуулсан гэж хэлж болох талтай. Алаг чулууны зүүн хэсгийн нэгэн хаданд зүүн тийшээ хараад зогсож байгаа том жижиг хоёр бугыг нэлээд бодит байдлаар урлахдаа доод талын том бугын эврийг их биеийг дагуулан налуулж, түүний салааг жигд хэмтэй гарган биеэ хураасан байдалтай үзүүлжээ. Хамгийн зүүн талын жижиг хаданд янгир, тэмээ унасан хүн зэргийг зурсан байна. Тэмээ унасан хүн дүрсэлсэн нь хүн палеолитын үед тэмээг гэршүүлж, хожим хүрэл зэвсгийн үед уналганд хэрэглэх болсны нэг нотолгоо болох биз ээ.
Ихэр алагийн хадны зураг. Алаг чулууны зүүн талын амны эхний хоёр жижиг толгойг Ихэр толгой хэмээн нэрлэх бөгөөд баруун урд талын нь баруун урд ханан хаданд зургаан хэсэг газар янгир, буга, араатан зэргийг хонхойлон цохиж сийлжээ. Эндэх хадны зураг сийлбэрийн ерөнхий төрх, арга барил, сэдэв зохиомжоороо Алаг чулууны зурагтай ижил бөгөөд он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдоно.
Хөшөөтийн хадны зураг. Хонгиогийн голын дээрх хоёр дурсгалаас зүүн тийш 20 км-т зүүнээсээ баруун тийш дэллэн тогтсон Хөшөөт хэмээх дөрвөн жижиг хадтай толгой бий. Энд дөрвөлжин чулуун хашлага дотор гурван метр гаруй өндөр хөшөө босгосон дурсгал нэлээд хэд буйгаас улбаалан энэ газрын нэрийг тийнхүү Хөшөөт гэж нэрлэсэн бололтой. Хөшөөтийн дөрвөн хадтай толгойн бараг хад бүрд янгирын зургийг маш олон тоогоор, хааяа нэг буга, чоно зэрэг амьтдыг хонхойлон цохиж зуржээ. Мөн есөн морьтой хүн янгир, чоно мэтийн амьтдыг хөөж гүйцээд богино нум онилж харвахаар завдаж байгааг үзүүлсэн зураг байна. Ингэж дүрслэхдээ морьтой анчдыг сүрхий уран, ялангуяа хөдөлгөөнийг нь маш чадварлаг гаргажээ. Он цагийн хувьд эдгээр хадны зургууд хүрэл зэвсгийн үед холбогдоно.