Хар хашаатын амны зураг

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг, сумын төвөөс баруун урд зүгт 22км зайд Дэлгэрхангай уулын Хар хашаатын амны дунд хэсэгт хадны нэлээд тооны зураг бий. Хойд талын хаданд эр хүйстэйг цохон үзүүлсэн адуу мал болон хүнийг болхидуу дүрсэлжээ. Хадны өнгөн тал холторсон тул бусад дүрслэл мэдэгдэхгүй болсон.

Харин түүний урд талын залгаа хар хөх өнгийн боржин чулуун жижиг толигор хаднуудын дунд хэсэгт аж ахуйн сэдэвтэй нэгэн зураг байх ба үүнд 70см урттай хоёр давхар хөндлөн зам татаж энэ замын урд хэсэгт нэгэн морийг (30см урт) явж буй байдалтай цээж, далных нь хэсгийг зүгээр орхин бусад хэсгийг нь битүү хонхойлгон цохиж дүрсэлсэн байна. Морины ард ямар нэгэн дүрслэл байсан бололтой хадны өнгө хэсэг хуурсан тул тодорхойгүй болжээ. Энэ зурагны хажуу талын хаданд аргаль, янгир, гөрөөс, чоно, буга, адуу зэрэг амьтдыг нэгэн дор шавааралдуулан зурсны дотор маш бодит дүрслэлээр 12 салаа эвэртэй, толгойгоо дээш өргөн хандуулсан ижил хэм дүрслэлтэй 4 бугын дүрсийг зэрэгцүүлэн битүү цохилтоор урласны гадна эр хүйсийг онцолжээ.

Хар хашаатын амны дурсгал дахь зургийн сэдэв, агуулга, дүрслэлийг үзэхэд шинэ чулуун зэвсгийн сүүл, хүрэл зэвсгийн эхэн, дунд үед холбогдох юм.