Хар цагаан усны зураг

Увс аймгийн Баруунтуруун сумын төвөөс зүүн урагш 60км орчимд Их Тосон уулын урд биеэс эхтэй Хар Цагаан ус хэмээх уулын жижиг горхи урсдаг. Горхийн дэнжид цагаан цайвар чулуулагт гурван жижиг толгой буй. Эдгээрийн баруун талын толгойн урд эрэгт олон тооны "туурай тамга" болон амьтдын дүрсийг хонхойлон цоолборлож урласан байдаг. Зургуудыг баруун талаас дугаарлан авч үзвэл:
 
Нэгдүгээр зураг. Хадны хамгийн баруун хэсэгт доош тонгойсон том толгойтой, сүүл ихтэй идээшилж буй адуурхуу амьтныг цоолборложээ. Түүний зүүн талд хэдэн амьтны зургийг дээрээс нь давхардуулан дүрсэлсний дотор бугын эвэр, хандгайн толгой мэт дүрс тодорхой ажиглагдана.
 
Хоёрдугаар зураг. Богинохон бүдүүн эвэртэй, урт хүзүү, сүүлтэй амьтныг толгойг нь хажуу тийш хандуулан дүрсэлжээ. Түүний доор хоёр дугуй цагираг, хөндлөн зураас зэргээс бүрдсэн дүрс байна.
 
Гуравдугаар зураг. Зургийн баруун хэсэгт олон салаа эвэртэй бугыг зүүн тийш хандуулж түүнээс зүүн тийш 8 адууг хоёр эгнээ цувж яваа байдалтай урлажээ. Тэдгээрийн зүүн доор нэг туурай тамга, зүүн дээд талд хоёр бугыг хоншоорыг нь доош хандуулан зуржээ. Энэ хоёр бугын дүрс зарим хэсэгтээ давхардсан аж.
 
Дөрөвдүгээр зураг. Зургийн баруун хэсэгт бие биен дээрээ давхацсан амьтдын зураг, заримынх нь биеийн хэсэг зэргийн дүрс байна. Төв хэсэгт том биетэй ганц эгц босоо эвэртэй амьтан, түүнтэй давхарласан бусад амьтан, зүүн талд нь хоёр босоо чихтэй, урт сүүлтэй адуурхуу дөрвөн амьтны толгойг өөр өөр зүгт хандуулж зүүн дээд талд нь нэг амьтны дүрс, түүний доор жижиг янгирын толгойг өөд нь хандуулан урласан үзэгдэнэ. Тэдгээрийн дотор лагс биетэй, моодон сүүлтэй гахайн дүрсийг нэлээд бодитой урласан байна. Гахайг богино хүзүүтэй, жижиг толгойтой тонгойсон байдалтай харуулсан байв.
 
Тавдугаар зураг. Баруун дээд талд туурай тамга, түүний хажууд хоёр тийш салаалсан цагираг, эдгээрийн доор урт хоншоортой, салаа эвэртэй, гурван салаа сүүлтэй, шулуун хөлтэй амьтныг эр хүйсийг нь цохон харуулж дүрсэлсэн байна. Түүний эх биед хэсэг талбайн хадыг хөндөлгүй хөвөөлөн цохиж үлдээсэн ба тэр нь ерөнхий төрхөөрөө үхэртэй, эврээрээ бугатай төстэй юм. Эдгээрийн доор хоёр жижиг амьтныг зүүн зүгт хандуулсан дүрс, зүүн талд нь хоёр янгир, хоёр туурай тамга, хэд хэдэн дугуй болон зууван дугуй хонхорууд, хоёр жижиг, нэг том хүний мөр болон зарим нэгэн тамга тэмдгийн зүйл байна. Хүний том мөрний дотор талд хавирган саран хэлбэрийн долоон товгортой.
 
Зургадугаар зураг. Энэ хаданд хүний мөр 10, адууны мөр "туурай тамга" зургааг өөр өөр хэмжээ хэлбэртэй зурсан бөгөөд тэдний дотор нэгэн богино сүүлтэй амьтны хойд хөл, бөгсөн бие үзэгдэнэ.
 
Долдугаар зураг. Хадны дээд хэсэгт буйлан тамга, өөр зарим тамга тэмдэг, "туурай тамга", тэдгээрийн доор дээрээс доош эгнүүлэн дөрвөн хуланг толгойгоор нь зүүн тийш хандуулан хоёр чихийг нь онцолж тод томруун үзүүлсэн байна. Мөн тэнд хоёр амьтны эх бие, бөгсийг дүрслээд цээжин хэсгийг гүйцээлгүй орхижээ.
 
Наймдугаар зураг. Янз бүрийн хэлбэр хэмжээтэй 13 туурай тамга, мөн нэг бугын эврийн дүрс байна.
 
Есдүгээр зураг. Хадны баруун дээд хэсэгт хоёр янгир тэдний хооронд, ард нь соотон чихтэй урт сүүлтэй чоно нохой мэт амьтан түүний доор ба зүүн талд 4 ширхэг туурай тамга, хүний мөр, 6 янгирыг өөр өөр зүгт хандуулан заримыг нь урт биетэй, заримыг нь өндөр зэгзгэр биетэй дүрсэлжээ.
 
Хар цагаан усны хадны зураг нь олон арван туурай тамгын дүрстэйгээр бусад хадны зургаас ялгагдах гол онцлогтой.