Уртын голын хадны зураг

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь Хүрх уулын Уртын гол нь эртний сүг зураг ихтэй газрын нэг юм. Ан амьтан, ан агнуур, мал аж ахуй, эртний хүмүүсийн амьдрал, тэмцлийг харуулсан олон дүрслэлийг үзэж болно. Номгон сумын төвөөс 80-аад км зайд орших Уртын амралтын газрын дэргэдэх боржин чулуун хадны өвөр налуугийн зарим дүрслэлийг танилцуулахад,
 
Элгэн хадны налууд үхэр шиг бадриун амьтан, хажууханд нь хоёр хүний секс үйлдлийн дүрслэл, доор нь эргэн харж буй янгир, эдгээрээс доохнуур нүдний шил зүүсэн, үсээ өрвийлгөсөн, шүдээ ярзайлгасан гэмээр хүний нүүрний дугуй доторх олон дүрслэлүүдийг онцгой тод бөгөөд томруунаар сийлснийг харахад эртний бөөгийн онгон сахиусын дүрснүүд эрхгүй санаанд буух мэт санагдана.

Элгэн хадны өөр нэг хэсэгт голоороо зураастай дотроо давхацсан дүрслэлтэй амьтад бүхий гурван дугуй, ямаа, янгир, том толгойтой, хотгор нуруутай, богино хөлтэй, моодгор сүүлтэй адуу зэргийг сийлбэрлэжээ. Эдгээрийн зохиомж, донж, дүрслэлээс харахад Уртын голын хадны зургууд нь анхны шүтлэг болох бөө мөргөлийн эх үүсвэр нь неолитын үед хамаарах магадлалтай байж мэдэхийг илтгэсэн байна.