Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт чулуун зэвсгийн баялаг дурсгал бүхий Чихэн агуйгаас баруун тийш 2км орчим зайд Саальтын агуй оршдог. Шаргал ногоовтор, хүрэн өнгийн үеүд бүхий карбонат чулуулгаас тогтсон нарийн хавцалд эгц урагшаа амсар нь хандсан энэ агуйн урт нь 12м, хамгийн өргөн хэсэг 4м.
Адарын өндөр 2.5м юм. Эртний хадны зураг эл агуйн зургууд шалнаас дээш 1.2-1.8м өндөр байрлалтай бөгөөд тэдгээрийг уг байрлалаар нь 4 хэсэгт хуваан авч үзэж болно. Агуйн хойд хагасын хүнхэр хананд дүрслэгдсэн 21 хэсгээс бүрдэлтэй эхний бүлэг зураг сайн хадгалагдан үлджээ. Бүх зургуудыг бүдэг улаанаас тод улаан өнгийн будгаар зуржээ.