Орхоны дээд биений хадны зураг

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутаг Орхоны бага хүрхрээний хажуухантай ан амьтны дүрст зурагтай хүрмэн чулуун хад бий. Орхоны дээд биений хадны зураг гэж нэрлэгддэг хонхойлон цохиж сийлсэн эл хадны зургийг 1971 онд анх археологич Н.Сэр-Оджав нээн олж судлан эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулжээ.
 
Эхний бүлэг зурагт дөрвөн чоно, нэг зээрийг хөөж явааг дүрсэлсний гурван чонын биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж, үлдсэн зургийнх нь бүх биеийг хонхойлон цохиж сийлжээ. Зээрийг толгойгоо өргөн, байдгаараа хурдалж яваагаар дүрсэлжээ. Энд мөн нэгийнх нь зөвхөн толгой хүзүүг дүрсэлсэн хоёр бугын зураг бий. Дээд талын бүтэн дүрслэгдсэн бугын хөлийн хооронд хөлөө нугалан хэвтэж буй нэгэн адууг зуржээ. Зарим судлаачид уг адууг босоо чихтэй дүрсэлснийг үндэслэн хулан мөн гэж үзсэн нь бий. Бугыг буган чулуун хөшөөн дээрх байдалтай урт бие, хүзүү, шувуун хушуу, нуруугаа дагаж тахирласан эвэртэйгээр урлажээ.
 
Хоёр дахь бүлэг зурагт урт сүүлтэй, хойш ялимгүй тахийсан урт эвэртэй янгир, шувууг санагдуулам загалмайтай төстэй тэмдэг, бодит байдлаас гаж дүрслэгдсэн янгир зэргийн дүрсүүд бий. Мөн Орхоны эрэг дээрх дөрвөлжин булшны булангийн нэг чулуунд морь болон замыг дүрсэлсэн зураг бий. Үүнээс гадна холгүй орших Тэмээн чулууны аманд дөрвөлжин булш малтах явцад булшны нэг хавтгай ханын чулууг илрүүлсэн бөгөөд түүн дээр  нэг нь гараа дээш өргөж нөгөө нь хажуу тийш алдлан цуварч зогссон хоёр хүний дүрс байдаг. Энэ бүхнээс үзэхэд эндэх хадны зургууд нь булшны он цагтай нэгэн үед буюу хүрэл зэвсгийн үед холбогдох нь тодорхой болжээ.