Наран булагийн хадны зураг

Увс аймгийн Наранбулаг сумын нутгаас олдсон хадны сийлмэл зургуудыг хэд хэд ангилан авч үзсэн.
  • Зэрлэг ан амьтдыг дүрсэлсэн зургууд: Янгир, аргаль, буга, үнэг, гахайны зургууд бөгөөд янгирыг бодит байдлаас гадна янз бүрийн гаж хэлбэрээр ч дүрсэлсэн байна. Бугыг хэвтэж байгаагаар зуржээ.
  • Тэмээний зураг: Хоёр тэмээний зураг байдаг ба нэгийг нь Монгол орны бусад хадны зургуудад байдагтай адил босоо байдалтай, өндөр ширээ бөхтэйгөөр зурсан. Харин нөгөө тэмээ нь сөхөрсөн байдалтай дүрслэгджээ.
  • Морьдын зураг: Морьдыг урт бие, тэгш хөлтэйгээр дүрсэлжээ.
  • Хүний дүрслэл: Он цагийн хувьд харилцан адилгүй үед дүрслэгдсэн ялгаа нь ажиглагдах бөгөөд Дундговийн Дэл уулын зүүн бэлийн дөрвөн гартай юм шиг хүний зураг, өөр нутгийн хадны зурагт тааралддаг шиг нэг нь дээлтэй, дугуй малгай өмссөн, ташаагаа тулсан маягтай хүний дүрслэлүүд байдаг. Хувцастай дүрслэлүүд нь нэлээд хожуу үед холбогдох нь тодорхой.
  • Гэрийн дүрслэл: Гэртэй төстэй яндан бүхий оромж дүрсэлсэн зураг байдаг нь сонирхолтой.
  • Тамганы дүрслэл: Хэд хэдэн туурай тамганы зураг илрүүлсэн.

Наранбулагийн хадны зураг нь он цагийн хувьд малгайтай хоёр хүний зураг, сүүлийн хоёр хэсэг зургаас бусад нь эртний хүрэл зэвсгийн үед холбогдоно.