Тэрэм хадны зураг

Увс аймгийн Сагил сумын төвөөс зүүн хойш 18 км орчимд Хоо үзүүр хэмээх жижиг нуруу оршдог. Хоо үзүүрийн баруун тал руу Тэрэм хад, Хар Нарт, Цагаан өтөг, Гулзат зэрэг амуудтай бөгөөд хамгийн урт хадтай амыг Бингу гэнэ. Эхний гурван аманд нь хадны зурагтай. Тэрэм хад гэдэг нь энэ жижиг амны эхэнд буй хар өнгийн цавчим хад юм. Тэрэм хадан дээр болон түүний ойр орчмын жижиг хаданд хонхойлон цоолборлосон эртний зурагнууд бий. Тэрэм хаданд дүрслэгдсэн баруун тийшээ харсан нэгэн амьтны зураг нүдэнд тусна. Түүний зүүн дээдэд эр хүйсийг цохон дүрсэлсэн өөр нэг амьтан буй. Энэ хоёр амьтны толгойг нарийвчлан гаргаагүй байдаг. Тэдгээрийн доор том, жижиг гурван янгирыг зүүн тийш цувруулан дүрсэлжээ.
 
Хадны баруун дээд хэсэгт өндөр биетэй хүн нум сум онилон урдаа яваа хоёр янгирын араас харваж буй дүрс бий. Түүний зүүн дээд талд янгир болон бусад амьтны сайн ойлгогдохгүй зургуудтай. Зүүн доод хэсэгт янгирын эргэж харж буй байдлаар гөхлийг нь зориуд цохин гаргажээ. Түүний ард том сүүлтэй өөр нэгэн амьтан байна. Хадны баруун хэсэгт нэг үзүүр нь салаалж өргөссөн хоёр зураас буй нь хадны зурагт тохиолддог могойн зургийг санагдуулна. Баруун доор нь өргөн цээжтэй моодгор сүүлтэй амьтан дүрсэлсэн нь гахайтай төстэй.

Хадны дээд талд урт биетэй янгирыг тоймлосон зураг, дээрээ иштэй дамар тамга, доод талд нь буга, янгир, тэмээ унасан хүн гурвыг цувуулан дүрсэлсэн байна. Тэмээг урт тахир сүүлтэй, ширээ бөхтэй дүрсэлжээ. Нум сумаар янгирыг харваж буй хүнийг дүрслэхдээ хоёр хөлийн хооронд салтаа дотор нь дугуй цэгтэй зурсан байдаг. Хадны баруун хэсэгт урт сүүлтэй, соотон чихтэй гурван чоныг, зүүн дээд талаар янгир, чоно зэрэг долоон амьтныг цувуулан дүрсэлсэн. Хадны зүүн доор янгир, бугын араас дагасан хоёр чоно байх бөгөөд бугыг олон салаа эвэртэй, зүүдгэр биетэй, сүүлнээс нь нэгэн цагираг татан биеийг бүхэлд нь хүрээлсэн дүрслэл сонирхолтой.

Өөр нэгэн хаданд янгир голдуу арав гаруй амьтныг дүрсэлжээ. Хадны баруун хэсэгт буй чоно, нохой мэт урт сүүлтэй, тахиралдсан том эвэртэй хоёр амьтны зураг онц сонирхолтой агаад тэрхүү урт том эвэртэй хоёр амьтны баруун талын амьтны эврийн үзүүр дээр янгирыг зогсч буй байдлаар дүрсэлжээ. Бас ганц моринд хөллөсөн хоёр дугуйтай, ганц аралтай, хөндлөн буулга бүхий тэрэг бий. Тэргэн дээр нэг хүн зогсч байна. Хадны төв хэсэгт том жижиг хоёр янгир, тэдний араас дагаж яваа амаа ангайсан, эвэртэй үхэр шиг сүүлтэй, өндөр сэрвээ бүхий, нуруун дээр нь эмээл тохсон ч юм шиг нэг амьтныг дүрсэлжээ. Тэрхүү амьтны дээд талд нум сум онилоод хоёр хөлөө алцайж зогссон хүн бий.

Хадны дээд хэсэгт гурван янгирын зүүн талаас эрчлэн дайрч буй урт сүүлтэй, соотон чихтэй чоно /нохой/, тэдний доор гурван янгирын араас хөөж яваа морьтой хүнийг дүрсэлсэн. Морины дэл, жолоо болон хүний барьсан урт зэвсгийг нэлээд тодорхой гаргажээ.

Дараагийн хаднаа буга, согоо, янгир нийлсэн таван амьтан, тэдний доогуур зэрэгцэн давхиж яваа уртлаг биетэй, урт сүүлтэй чоно, дээд талд нь нум сум онилоод өөдөөсөө хараад зогсч байгаа чоныг харвахыг завдаж буй хүнийг дүрсэлсэн. Хадны төв хэсэгт баруун тийш цуварч зогссон зургаан янгир, зүүн тийш харсан хоёр амьтан байх агаад доод талынх нь чоно, нохой мэт бөгөөд хөхтэй юм. Хадны доод талд янгир шиг эвэртэй, үхэр шиг урт сүүлтэй амьтан, түүний араас чоно шиг соотон чихтэй амьтан, мөн үхрийг урт сүүлтэй амьтан дагаж явна. Эдгээрийн ард соотон чихтэй, унжсан сүүлтэй чонорхуу амьтан зайдуухан баруухантай нь ганц янгирын зураг байна. Нум сумаа онилоод нэг том янгирыг харвахаар завдан буй эр хүний хүйсийг цохон үзүүлжээ. Доор нь ишгээ дагуулсан нэг янгирыг хоргоосон хоёр чоно, дахин нэг янгир, түүний доор урт нарийн хоншоортой, нар мэт олон тийшээ салаалсан эвэртэй, урт шулуун сүүлтэй амьтныг дүрсэлжээ. Тэрэм хадны зураг он цагийн хувьд төмөр зэвсгийн үед буюу НТӨ III-I мянган жилд холбогдоно.