Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Цэцэрлэг хотоос 22 км зайд Хойд Тамир голын хөвөөнөө сүрлэг хадан цохио байдгийг Тайхар чулуу гэдэг. Эзгүй талд зөөж авчраад тавьчихсан юм шиг сонирхолтой тогтоц учраас хүмүүсийн анхаарлыг татдаг. Өндөр нь 18 метр бөгөөд боржин чулуунаас бүтсэн цохио юм. Тамирын гол хойд эргийнхээ боржин хошууг олон сая жилийн турш эвдэн элээсээр дундуур нь тасалж энэ цохиог үүсгэжээ. Тайхар чулуу нь 2000 жилийн өмнөхөөс дундад зуун хүртэл цаг хугацаанд хамаарах сүг зураг, овог аймгийн тамга тэмдэг, янз бүрийн хэлний бичээс зэрэг утга соёлын холбогдолтой зүйлсийг хадгалсан байдаг.
Тайхар чулууны бичээсүүд XIX зууны сүүл үеэс эрдэмтэд, судлаачдын анхааралд өртөх болсон бөгөөд зураг дүрсийн хамгийн эртнийх нь чулуун зэвсгийн сүүл үед холбогдох улаан зосоор зурсан тамга тэмдэг, амьтны дүрс юм. Түрэг, уйгар, монгол, түвд, манж, хятад зэрэг эрт эдүгээгийн олон улс үндэстний хэлээр бичсэн YII-XYII зууны үеийн 150 гаруй бичээс байдаг боловч он жил өнгөрөх тусам улам бүдгэрч баларч байна. Хамгийн эртнийх нь VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн “Орхон Енисейн бичиг” хэмээн алдаршсан руни бичиг юм. Харин хамгийн олон тоотой нь уйгаржин бичиг бөгөөд 70 орчим хадгалагдан үлдсэний хамгийн эрт үеийнх нь XIV зууны үетэй холбогддог. Эдгээр бичээсийн дотор тод үсгээр бичигдсэн үлэмж тооны маань, тарнийг оруулаагүй байна.
Бичээсийн 70 орчим нь монгол үсгээр бичсэн байдаг ба XY-XYII зууны үеийн Монголын төрийн зүтгэлтэн Ойрадын Хуухай Даюу, Халхын Цогт хунтайжийн нэрс уншигддаг байна. Мөн 1722 онд Дайчин улсын Энх-Амгалангийн ямар нэгэн бичиг зарлигийг Равдангаар хүргүүлсэн тухай бичээс бий. Тайхар чулуунд бичиг сийлж үлдээсэн хүн нэрээ бичдэг байсны дээр алдар цол, хэний харъяат болохоо тэмдэглэсэн байдаг. Энэ нь орчин үед хүртэл өвлөгдөж “ ...МУИС-ийн тэр энэ анги ..” гэх мэтээр нэр хаягаа үлдээсээр л байгаа бөгөөд энэ нь урьд өмнөх цаг үед бичигдэн үлдсэн бичээсүүд бүдэгрэн алга болоход ихээхэн нөлөөлж байгаа билээ.
Халхын Нонохуй Үйзэн ноёны харъяат Аварга хошуучийн бичээсийг сийрүүлвэл, “Ум ма ни бад ме хум ору Үйзэн ноёны аварга хошууч бичив” гэсэн хоёр мөр бичиг юм. Энд нэр дурдагдаж буй Үйзэн ноён хэмээх Ноноху 1535 онд төрсөн, Батмөнх Даян хааны хөвүүн Халхын Гэрсэнз жалайр хунтайж (1513-1548)-ийн гуравдугаар хөвүүн, Халхын Түшээт хан Абтайн эцэг нь болно. Түүний харъяа Аварга хошууч Монголын түүх сударт нэр нь гарсан эсэх нь одоогоор мэдэгдээгүй байна. XVI зуун нь Монголын ноёд язгууртнууд эртний уламжлалт бөө мөргөлийг халж бурханы шашныг хүчээр дэлгэрүүлж байсан үе юм.
Тайхар чулуунд хоёр манж бичээс бий. Тэрхүү хоёр бичээсийн нэг нь эх, адгаасаа баларсан, нөгөө нь бараг бүтэн үлджээ. Равдангийн бичээсийг монголчилбол, “/дайчин/ улсын энх амгалан /гийн/ жардугаар он гурван сарын арван дөрвөн Равдан куя зэрэг каминд тархаав” гэсэн утгатай ажээ. Бичээсийн утга санаа нь тодорхой бус, Манжийн Энх-Амгалан хааны жардугаар он нь аргын улирлын 1722 он болно. Камин нь шинэ хязгаар буюу Шинжааны Хами мөн бол тэнд ямар нэг зарлиг бичиг юмуу цэргийнхээ амуу будааг Равдангаар хүргүүлж тархаасныг хаданд сийлж тэмдэглэсэн байж болох ажээ.
Тайхар чулуун дээр улаан, хар өнгийн зосоор бичсэн түрэг бичээсүүдийг анх Д.А.Клеменц буулгаж авсан ба хожим В.В.Радлов, Н.Оркун, Е.Ё.Малов нар тайлан уншиж, Х.Пэрлээ зарим бичээсийг хуулан авч тусгайлан нийтлүүлжээ. Бичээс бүрийн хэмжээ харилцан адилгүй том жижиг байхын хамт хадгалагдсан байдал нь ч адилгүй. Эдгээр бичээсүүдийн нэг онцлог нь аян замын тэмдэглэлийн шинжтэй ажээ. Дээрх бичээсүүд нь Монголын нутгаас олдоод байгаа эртний түрэг үсгийн бичмэл хэлбэрийн дурсгал болж байгаагаараа эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм.
Тайхар чулууны хятад бичээс 20 орчим бий. Уг хятад бичээсийн ихэнх нь баларсан ба маш таталсан, тэдгээрийн он цаг нь янз янз байна. Эдгээр бичээсийн ихэнх нь хувь хүний ерөөл бэлгэдэл үгийн шинжтэй аж. Нэгдүгээр бичээс. “Шэн шан цзайжчун син ши. Ван Сы сяо, Вэй Ле, Ли-Дун фу /Сахиусан ууланд буй сүсэгтэн эрс Ван Сы сяо, Вэй Ле, Ли-Дун фу/. Энэ бичээс хэдий үед бичигдсэн нь тодорхойгүй. Харин хятад бичээсийн дэргэд бичсэн монгол бичээсийн байдалтай харьцуулахад XIX зууны сүүлээр бичсэн болов уу гэж үздэг.
Домог 1: Эрт дээр цагт аварга том могой худагнаас гарч ирэн хүн амьтныг барьж идэн, газар нутгийг сүйрүүлж ган гачиг, өлсгөлөн зовлон бий болгожээ. Нутгийн ард түмэн улсын сайн бөх, аварга биет Бөхбилэгт гэгчид хэл хүргүүлж аварга том могойг дарж, аюулаас өөрсдийг нь аврахыг хүссэн байж. Бөхбилэгт бол маш тусч хүн байсан тул ард иргэдийг аюулаас аврахаар ирж Булган уулын чулуунаас нэг томоохон чулуу сугалан авч үүрээд могойн зүг рүү явжээ. Чулуу хүнд байсан тул замдаа нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул “Алтан сандал” гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж “шүү шаа” гэж уулга алдсанд тэр тал газрыг “Шүү Шаа тал” гэж нэрлэх болов. Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр таван уулыг “Таван тээг” гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худаг дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарж тавьсан нь Тайхар чулуу болж алдаршжээ. Гэтэл могой чулууны дороос гарах гэж зүтгэхэд Бөхбилэгт овсгойлон өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхгүй болж гэнэ. Өндөр газраас Тайхар чулууны орой дээр нум сум харагддаг гэлцдэг. Могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд “Могойн толгой” нэртэй болжээ.
Домог 2: Эрт цагт нэгэн аварга могой газраас толгойгоо цогнойлгон гарч ирээд хүн амьтанд гай гамшиг тарьж эхэлжээ. Харин могойн сүүл нь өөр нэг газраас цухуйсан гэдэг. Аварга могойноос хүн амьтныг аврахаар алдар цуутай Бөхбилэгт гэдэг үлэмж хүчтэн эр Булган уулаас нэг том чулуу авч үрээд Цагаан даваагаар давж мөнөөх могойн тархин дээр тавьжээ. Тэр чулууг Тархи чулуу гэж нэрлэж байсан нь он цагийн явцад Тайхар чулуу болсон гэнэ. Могойн сүүл цухуйсан газарт бас нэгэн чулуу тавьсан нь “Сүүл толгой” нэртэй болсон гэнэ. Анх Бөхбилэгт Булган уулаас чулуу үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд түр зуур амсхийжээ. Чулуугаа үүрч босохдоо “шүү шаа” гэж дуу алдан боссон учир уг газрыг “Шүү Шаа Шивэрт ам” гэж нэрлэжээ. Аварга могой тархин дээрээ даруулсан чулуун дороос хөдлөн гарахыг оролдсонд Бөхбилэгт нум сумаа авч зоон тушаа газар нь тавьсанд хөдлөхгүй болжээ. Хожим нь нум сум тавьсан могойн зоон дээр Сайд вангийн хүрээг байгуулжээ. Хойт Тамирын хөвөөн дээр урд тал нь эгцхэн, ширээ шиг тэгш хадан хошуу байдгийг “Таван Тээг” гэдэг. Аварга могойг дарсныхаа дараа Бөхбилэгт түүн дээр сууж Тамир голын усанд гараа угаасан гэдэг. Түүнээс хойш тэр газрыг Бөхбилэгтийн “Таван тээг” буюу “Суудал” гэж нэрлэсэн гэдэг.
Домог 3: Нэг удаа Тамирын гол айхавтар сүрхий үерлэсний улмаас Улаан толгойн хадат оройг таслаад хаячихжээ. Тэр хадан орой нь Тайхар чулуу болсон гэдэг.
Домог 4: Эрт цагт нэг аварга могой байжээ. Ойр хавийнхаа амьтан хүнийг барьж иддэг учир түүнийг даран сөнөөх гэсэн олон баатар эр амь эрсэджээ. Тэгтэл Атийх Хар хэмээх нэг баатар эр арга сүвэгчилж аварга могойн нүхийг олжээ. Тэгээд ойролцоох уулын оройг сандайлж суугаад нөгөө могойг нүх рүүгээ орохыг нь отон суужээ. Тэгтэл аварга могой ч нүхэндээ орж Атийх Хар баатар хажуудаа байсан том чулууг аваад нүхнийх нь амсрыг таглаж орхижээ. Ингэж улс амьтныг аюулаас аварсан Атийх Хар баатрын тавьсан чулууг түүний нэрээр нэрлэсэн нь он цагийн явцад Тайхар болж, сандайлж байсан уулыг “Алтан Сандал уул” гэх болсон гэнэ. Тайхар гэдэг нэрийн гарлын талаар олон янзын санал байдаг. Эрдэмтэн Ж.Төмөрцэрэнгийн дэвшүүлсэн саналаар бол, “тай” гэж түрэгээр “толгой”, “күр” гэж “чулуу” гэсэн үг. Тай-күр гэдэг нь өргөлтөт үеийн эгшигт захирагдан “Тайхир-Тайхар” буюу “Уул чулуу” гэсэн үг болсон гэдэг.
Домог 5: Сартагтай баатар хэмээх нэгэн том биет хүн байжээ.Тэр нэгэн удаа явж байгаад Хараат Хайрханыг дэрлээд Морьтын нуруун дээр хөлөө тавиад унтаж байж. Гэтэл хөлийнх нь таваг загатнав гэнэ. Сэрээд өндийгөөд харсан чинь хөлийнх нь дээгүүр аварга могой явж өнгөрөөд нэгэн нүх рүү яваад орчихжээ. Тэгэхээр нь чулуу аваад шидчихсэн чинь “Тайхар чулуу” болон тогтжээ.
Домог 6: Байгаль ээжийн гайхамшигт бүтээлийг нутгийнх нь хүч тамирын илэрхийлэл гэж нэгэн домог хэлэлцдэг. Эрт цагт тэр нутагт Бөхбилэг гэдэг нэгэн бяр чадал, бодол ухаан төгс заяасан сайхан эр амьдардаг байжээ. Тэрээр нэг удаа Тамирын голын уснаас ундаалан байтал гэнэт аварга могой түүн рүү дайрчээ. Нутаг голынхонд нь гал усны аюул тарьсан аймшигт могойг үзсэн тэрээр голын дунд байдаг аварга хадаар дарж алжээ. Тунгалаг сайхан Тамирын голыг бохирдуулахаас сэргийлж эргээс нь нэлээд зайдуу газар могойг алсан гэдэг. Энэхүү Бөхбилэг гэгч хүч чадал ихтэй эрийн дурсгалд зориулсан хөшөө Цэцэрлэг хотноо байдаг.
Домог 7: Хангайн гол нурууг баруун тийш давж Заг Байдрагийн гол хүрэх замд нэг уужим хөндий урууддаг байв. Энэ хөндийгөөр аварга могой явж, Эгийн давааны өмнөх гурван ангархай харанхуй хавцал дундуур дайрч Хангайн гол нурууг арлан явсаар Их тамир уруудан Тайхар чулуу байдгийн доор нэг их нүхэнд орчихсон гэнэ. Үүнийг мэдсэн нутгийн нэртэй, бяртай бөх Тайхар гэгч хүн том цохио авчирч таглан олон амьтныг аварсан гэдэг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах