Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт сумын төвөөс хойд зүгт 25 км зайд Бага Бэрх уулын Доогийн Ханангийн бууц, Ихэр ханангийн бууц гэдэг газруудын арын ханан хаднууд хүрэл, төмөр зэвсгийн үед холбогдох зургуудаар нэн баялаг. Эндэхийн хаданд мөн нэлээд эрт үед холбогдох үхэр, бугын зураг, аргаль, янгир, чоно, ирвэс, буга, тэмээ, үхэр зэргийг янз бүрийн хөдөлгөөн дүрслэлтэй цоолборложээ.
Бугын эврийг чанх дээш нь болон ар нуруу уруу нь олон салаалуулан ургаа мод мэт болон аргалийн эврийг 6-7 үе дугуйруулан уран сайхнаар дүрсэлсэн нь тохиолдоно. Цаа буга унаж, буга хөтлөн яваа хүн хийгээд янгир буга зэргийг тэмээ унан нум сумаар харваж буй анчин, явганаар агнаж буй бүлэг хүмүүс зэргийг дүрслэхдээ буганы хойд хөл, толгой уруу харваж буйг их л бодитой дүрсэлжээ. Энд ахуй амьдрал, ан гөрөөтэй холбоотой зурагнуудаас гадна тамга, тэмдэг нэлээдийг сийлсэн байна.
Их Бэрх, Бага Бэрх уулын эдгээр зургууд нь түүхийн олон үеийг хамарсан сэдэв дүрслэлтэй бөгөөд Монголын хадны сийлмэл зурагт нэн баялагт тооцогдох дурсгал гэж хэлж болно.