Ялангуяа уулын оройн тэгш толигор хаднуудаар олон үеийн хүний бүтээл, хадны сүг зураг, тамга тэмдгийн зүйл арвин ажээ. Эндэх аливаа дүрсийг хаднаа дүрслэн гаргахдаа нэлэнхүйд нь буюу их биеийн хүрээг цохиж, эсвэл хурц үзүүртэй зүйлээр сараачин дүрслэх хоёр үндсэн аргаар бүтээсэн байна. Эхний аргаар бүтээсэн зургуудын дотор буга, согоо, янгир зэрэг ан амьтан, адуу, тэмээ, нохой зэргийн мал адгуус, түүнчлэн нум сумаар зэвсэглэн хүмүүс ан гөрөө хийж буй байдал, адгуус амьтныг гаршуулан сургаж буй сэдэв байхаас гадна нум сум, байлдааны сүх, тэрэг, буйл, бурантаг зэрэг дайн тулаан, хөдөлмөрийн багаж зэвсгүүд бий.
Энд бас эртний олон овог аймгийн тамгыг дүрсэлсэн нь нэн их бөгөөд тэдгээрийн дотор онгин, сэрээ, хайрлага, чагтан болон янгир тамгад байх нь манай бусад нутгийн хадны зураг сүгийн дурсгал дотор тааралддагтай адил. Эдгээр дүрсүүдийн дотор, хүрэл ба төмрийн үеийн дурсгал болох буган хөшөөнд хийсвэрлэн дүрсэлдэгтэй адил шувуу мэт урт нарийн хошуутай, зоон дээрээ хушуурсан овгор бүхий дүүлэн нисч буй хэлбэртэй бугын дүрс, мөн тэр үеийн хадны зургийн сэдэвт өргөн тохиолддог хоёр дугуйтай ганц урт аралтай тэрэгний дүрс зэрэг тухайн дурсгалын цаг хугацааг тодорхойлох дүрсүүд байдаг. Эдгээрийг дүрсэлсэн арга барил, хэлбэр хийцээс харахад энэхүү хонхойлж цохих аргаар дүрсэлсэн зургууд нь НТӨ мянга жилийн сүүлийн хагасаас нь НТӨ I мянга жилийн тэргүүн хагаст, мөн зарим дүрсүүд нь бүр дундад зууны үед холбогдож болохоор юм.
Харин хурц үзүүртэй зүйлээр сараачин зурсан нарийн зураасан зургуудын дотор хүн амьтан, зэр зэвсэг, орон байшин, тэрэг зэрэг зүйлс дүрслэгдсэн байх ба аль ч талаас нь үзсэн цаг хугацааны хувьд ихээхэн хожуу үед бүтээгдсэн нь тодорхой. Энд бүр хожуу үеийн бурхан шашны сүм хийд, тэдгээрийг дүрсэлсэн харьцаа хэмжээ, тэг гортигийг гаргасан байхаас гадна бүр орчин үеийн хэмжил зүйл арга барилаар дүрсэлсэн зүйл ч бий. Түүнчлэн энд харьцангуй хожуу үеийн хүмүүсийн ахуй амьдрал, шашин номын зан үйлийг тусгасан сэдвүүд ч байна. Энэ байдлаас үзэхэд эдгээр зураг нь XIII-XIX зууны үеийг хүртэлх цаг үед холбогдмоор ажээ.
Түүнчлэн цувраа Гурван Мандалын хоёрт нь эртний Түрэгийн руни бичгээр бичсэн дурсгал бий. Мөн Түрэгийн үед хамрагдах янгир хэлбэртэй тамга ч эндэхийн хадны зурагт байгаагаас үзэхэд нийт зургуудын тодорхой хэсэг нь Түрэгийн үед холбогдох нь илт байна. Энэ бүхнээс үзэхэд Гурван Мандал нь манай түүхийн олон үеийн дурсгал нэг дор бөөгнөрсөн, энд түүхэн урт удаан хугацааны турш хүн төрөлхтөн тасралтгүй нутагласаар ирсэн, эртний өв соёлын үнэт дурсгалын газар болох нь тодорхой ажээ.