Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс 22км орчим зайтай Шанх ууланд орших боржин цохиог Бугат гэнэ. Энэ цохиотын наран талын 4.4х3.2 метр том эгц хавтгайд эртний хүмүүс зургаан буга, нэг янгирыг хонхойлгон цохиж дүрсэлсэн байдаг.
Хадны зүүн хэсгийг эзлүүлэн гурван бугыг хооронд нь ихэд ойрхон шахаж, дүрсийн гадна талыг хөвөөлгөн цохихдоо дунд талын бугын эвэр нуруу хоёрын завсраар (зай ашиглан) гурав дахь бугын цээжийг оруулсан нь сонин бөгөөд бас уг бугын хүйсийг хүртэл гаргасан байдаг. Эдгээр гурван бугын хоншоор нарийн урт, эвэр нь их биеэ дагасан олон салаа, урт бие, хүзүү, өндөр сэрвээ, бөмбөгөр хондлой, нарийн урт чих зэрэг нь буган хөшөөнөө загварчлан дүрсэлдэг аргатай их төстэй. Гурав дахь бугын хойд хоёр хөлийг нэлээд бодитой дүрсэлсэн бол түүний урд хөл болон эхний хоёр бугын хөлийг сайн гаргаагүй байна. Энд буган хөшөөнийх шиг аль болох бага зайд олон бугыг дүрслэх хандлага ажиглагдана. Эдгээр бугын баруун дээд талд урт хоншоортой, хоёр салаа эвэртэй, том зузаан бөгстэй бугыг бүхлээр нь хонхойлгон дүрсэлсэн. Түүнээс доош бугануудын ар доор урт тахир эвэртэй, охор бус сүүлтэй, нарийн хүзүүтэй янгирын дүрсийг бүх биеэр нь хонхойлгон цохисноороо дээрх бугынхтай ижил байна. Зургийн баруун захад олон эвэртэй жижиг бугыг бодит байдлаар хөвөөлөн цохиж урлажээ.
Эдгээр дүрслэлээс дүгнэхэд, Бугатын хаднаа амьтны дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохих, гадна талаар нь хөвөөлгөн цохиж урлах хоёр барил, түүнчлэн амьтныг бодит байдлаар болон загварчлан дүрслэх хоёр арга ажиглагджээ. Тэгэхдээ тухайн хадны зурагт загварчлан дүрслэх аргаар урласан бугын зураг голлож буй зөвхөн хэмжээ төдийгүй зургийн ерөнхий зохиомжоос тодорхой харагддаг. Эндэх хадны зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн дунд үед холбогдох юм.