Арслантын хадны зураг

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун урагш 30 орчим км зайд оршдог. Арслант уулын өврийн бууцны арын хаданд эртний сүг зураг олон бий. Энд гахай, чоно, буга болон хулан, адуу зэрэг мал адгуус, ан амьтнаас гадна нум сумаар янгир, буга намнаачдыг олноор сийлэн дүрсэлжээ. Зарим хүн, амьтны эр хүйсийг цохон харуулсан байна. Янгирыг дэгээ хэлбэрийн зэвсгээр толгой дундуур нь цохиж буй дүрслэл ч үзэгдэнэ. Эдгээрийн дотор хас тамга тэмдгийн эх үүсвэртэй холбон авч үзмээр дөрвөн янгирын нэгэн дүрслэл (20*16 см хэмжээний) содон сонин.
 
Эдгээр зураг бүхий хаднуудын зүүн хойд талын том хадны баруун үзүүрийн дээд хэсэгт буган хөшөөний бугатай адил дүрс урлаж эврийг нь нуруу даган угалзарсан байдлаар зурсан байдаг. Дүрслэл, зохиомж, ур донжоос нь авч үзвэл Арслант уулын хадны эдгээр зураг олон цаг үеийг хамардаг бөгөөд сүүлч хэсэг нь хүрлийн үед холбогдоно.