Ярх уулын дурсгал нь Ази, Европын доод палеолитын үеийн соёл анхлан бий болсон тодорхой үүсвэр газар нутаг болон тухайн үеийн тогтсон зарим ойлголтыг шинжилж үнэнд ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. 1970-аад оноос өмнө Америкийн эрдэмтэн И.Х.Мовнусын дэвшүүлсэн тодорхойлолтыг палеолит судлаачдын нэг хэсэг нь баримталж байсан ба “чулуун зэвсгийн үеийн орон нутгийн хөгжлийн тухай онол”-д өрнө зүгийн орнуудад гилбэр зэвсэг бүхий хүмүүс, өмнөд ба зүүн өмнөд Азийн орнуудад мөлгөр хайрган чулууг хөндлөн хугалж зөвхөн нэг талаас нь ирлэж зассан зэвсэгтэй хүмүүс бүхий доод палеолитын соёлын хоёр том бүс байсан” гэж үздэг байв. Гэтэл Ярх уулын дурсгал олдсоноор “эрдэмтдийн судалгааны үр дүнд гилбэр зэвсэг хийж эзэмшигчдийн нутгийн хил хязгаар нэлээд хэмжээгээр тэлэгдэж “сонгодог” гилбэр зэвсэгтэн гэж нэрлэгддэг Африк, Баруун Европ, Өвөр Ази, Өмнөд Энэтхэгтэй нэг мужид Төв Азийн нутаг, түүний дотор Монгол орон багтах нь эргэлзээгүй” болсон ажээ.
Археологич А.П.Окладников: “Ашел”-ийн соёлын ийм тодорхой шинж төлөв бүхий Ярхын соёл нь Европ, Кавказ, Энэтхэг, Африкаас гадна дорнод Азийн хувьд анхны бөгөөд цорын ганц юм. Ярхын гилбэр мэсэн зэвсэг нь ашелийн үеийн арга барил, хэлбэр төрхөөрөө Умард Хятад, Солонгосын нутгаас ганц нэг олдсон тохиолдлын хэлбэртэй “гилбэр” гэгдэх зэвсэг багажтай зүйрлэшгүй юм гэж бичсэн байдаг.
Монгол орны палеолитын эхэн үеийн дотоод хөгжлийг харуулах Ярхын дурсгалын нэг онцлог нь энэхүү гилбэр болон үзүүр мэсэн зэвсэг үйлдэж эзэмшигчид нь өрнө зүгийн доод палеолитын үеийн хүний нэг адил чулууг засаж, түүгээр хоёр талаас нь янзалж ирлэсэн зэвсэг хийх өөрийн тогтсон арга барилтай байсанд орших юм.
Монгол ба Европ гилбэр мэсэн зэвсгийн ижил төсөөтэй байдлыг тэртээ алс холын эртний хүнтэй тус орны мөн үеийн хүн ямар нэг гарал төрлийн холбоотой юм уу, эсвэл өөр хоорондоо харилцан нөлөөлөлцөж байснаар биш, зөвхөн гадаад шинжээрээ адил боловч тус тусдаа үүсэж хөгжсөн хоёр өөр соёл буюу өөр өөр цаг үед амьдарч байсан Ази, Европ хүний аль аль нь чулууг засаж гилбэр зэвсэг хийх адил санааг сэдэж олсон байжээ гэж дүгнэхэд хүргэсэн. Үүгээрээ Ярх уулын хуучин чулуун зэвсгийн үеийн дарханы газар нь бичигдээгүй түүхийн хэдэн зууны өмнөх үнэнийг өгүүлсэн, шинжлэх ухааны томоохон нээлт болжээ.