Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, хуучин Тамсагбулаг сумын төвөөс зүүн урагш 7км зайд 10-12 метр өндөр эргийн ёроолоос ундарсан хүйтэн тунгалаг устай булаг бий. Булгийн эргийн эхнээс баруун, зүүн тийш 2км орчим үргэлжилсэн ганга бүхий дэнжид неолитын үеийн чулуун зэвсгийн залтас, хутган ялтас үлдцийн зүйл элбэг олдохоос гадна дэнжийн ханаар ялзмаг хар хөрст соёлт давхарга ил харагдах нь эртний сууцны хана туургын ул мөр буйг тод гэрчилдэг. Эдгээрээс нэгийг сонгон авч малтахад бараг бүтэн сууц гарчээ.
Эл дурсгалыг анх 1949 онд А.П.Окладниковын судалгааны анги илрүүлжээ. 1967, 1969 онуудад Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедици, 1998 онд Монгол-Францын судалгааны анги, 2012 онд Монгол-Японы хамтарсан анги тус тус малтан судалжээ.
1949 онд хагас нүхэн хоёр сууцыг малтсан бол 1967 онд нэг сууцыг бүтэн малтаж, хэд хэдэн сууцны ханыг цэвэрлэн гоёл чимэглэлийн зүйлс бүхий дараас, гурван оршуулга илрүүлжээ. Харин 1969 онд дахин хоёр сууцыг малтсанаар хэд хэдэн оромж сууцыг нээж, нэг үхрийн тахилыг олжээ.
1969 оны малтлагын нэг сууц нь тэгш өнцөгт хэлбэртэй, 7.6х5.6м буюу 42.5 кв.м талбайтай юм. Зууван дөрвөлжин нүх ухаад дотор талаар тойруулан хэдэн модон багана босгож хананы яс мод бэхэлж, төв дунд нь ганц багана босгож, багануудын орой дээгүүр сууцныхаа дээврийг тавьдаг байжээ. Шал нь тэгшхэн, дөрвөлжин хэлбэртэй. Сууцанд үүд хаалга байхгүй бөгөөд дээврийн гол оройд гаргасан нүхээр хүмүүс орж гардаг байжээ. Сууцнаас хутган ялтас цуулан авч байсан шовх үлдэц, зуулга ир суулгах ховил бүхий ясан хутга, сумны ясан зэв, бугын шүдээр хийсэн зүүлт зэрэг багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйл олдсоноос гадна сууцыг бүрэн малтан дуусгах явцад түүний хойд ханан доор хавчиг давчуу нүхэнд суугаа байдлаар нь баруун зүг хандуулан оршуулсан булш гарчээ.
Булшнаас дундаа нүхтэй нимгэн дугариг танан зүүлт 200 орчим, мөн бугын соёоны угийг нүхлэн хийсэн хоолойн зүүлт 20 гаруй ширхэг, малын чөмөг ясаар хийсэн хоёр ширхэг нарийн хурц үзүүртэй ясан шөвөг, зүүний хамт олдсон нь нэн сонирхолтой юм. Эдгээрээс гадна толгойн тус газар 20 см урт, 2,5 см өргөн ясан хутга хоёрыг тавьсан байжээ. Сууц болон булшнаас олдсон жинхэнэ неолитын үеийн олон тооны цахиур үлдэц, залтас, хутган ялтас, хусуур, шөвөг зэрэг чулуун зэвсгүүд нь Дорнод Сибирь, Байгалийн наад бие, Амар мөрний хавь нутгийн дурсгалуудтай нийтлэг төстэй байв.
Судлаачид дээрх сууц болон булшнаас гарсан эд, оюуны хэрэглэхүүнд үндэслэн тэдгээрийн холбогдох он цагийг НТӨ 4-3 мянган жилд хамааруулж, харин оршуулагдсан хүнийг 15 орчим настай, 120см өндөр, монгол төрхтэй, эмэгтэй хүн байна гэж үзсэн. Мөн Монголын газар нутгаас олдсон неолитын үеийн анхны булш гэж тэмдэглэсэн.
Дорнод аймгаас олдсон неолитын үеийн өөр хэд хэдэн суурин булшнаас хамгийн баялаг эд өлгийн дурсгал бүхий нь Тамсагбулагийн булш бөгөөд тэр нь бүтэн сууцны хамт олдсоноор Монголын неолитын үеийн оршин суугчдын аж ахуй, нийгмийн харилцаа, шүтлэг бишрэл, зан үйл зэрэг эдийн ба оюуны соёлын олон асуудлыг судлах чухал сурвалж болсон юм.