Чулуун зэвсгийн үеийн энэ бууц Орхон голын хойд эрэгт, тунгалаг хүйтэн рашаант Мойлтын амнаа буюу эртний Монгол гүрний нийслэл, Хархорум хотын туурийн ойролцоо, Хархорин сумын төвийн баруун хойно оршдог. Энэхүү бууц буюу суурин нь Монгол улсын төдийгүй Азийн хэмжээнд онц сонирхолтой сууринд тооцогддог. Эндээс түүхийн урт удаан хугацааны турш хүн амьдран сууж байсныг гэрчлэх хэдэн мянган чулуун багаж, зэвсгийн зүйлс илрэн гарсан. Энэ дурсгал Монгол нутагт анх удаа олдсон таваас доошгүй соёлт давхарга бүхий суурин тул эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой юм.
Анх 1949 онд археологич А.П.Окландников удирдсан Монгол-Зөвлөлтийн түүх, угсаатны зүйн шинжилгээний хамтарсан экспедицийнхэн илрүүлж олсон бөгөөд 1960, 1961, 1964, 1965 онд А.П.Окландников, А.П.Деревянко, Д.Дорж, Д.Цэвээндорж нарын удирдсан шинжилгээний ангийнхан 172 м.кв талбайд 4 удаа малтан судалжээ. Уг суурингийн соёлт давхаргын зузаан нь 1.5-2 м бөгөөд малтлагын явцад дээд палеолитын түрүү үеэс эхлэн мезолит ба неолитын эхэн үеийг дэс дараалан хамарсан таван соёлт давхарга илэрчээ. Нийтдээ 3765 чулуун зэвсэг олсноос тавдугаар давхаргаас 275, дөрөвдүгээр давхаргаас 692, гуравдугаар давхаргаас 1113, хоёрдугаар давхаргаас 629, нэгдүгээр давхаргаас 1056 багаж зэвсэг тус тус гарчээ.
Мойлтын амны малтлагын явцад тухайн үеийн хүмүүсийн хөдөлмөрийн үйл явцын шинж чанарыг тодорхой харуулсан олон зуун чулуун эдлэлийн зүйлс, үлдэц, хугадас маягийн цавчих зэвсэг, хянгар, хусуур, цоолтуур, хутга, үзүүрт мэс зэрэг багажаас гадна ирлэж зассан, засаагүй олон тооны залтас, ялтас олдсон хамгийн доод давхарга нь шар шохойлог шавранцар хөрснөөс тогтсон байсан. Эндээс том хэмжээний залтас, ялтас, нэг ба хоёр талбайт леваллуа маягийн үлдэц гарсны зэрэгцээ үзүүрт мэс, дугуй хэлбэрийн үлдэц ч цөөн тоогоор олдсон байна. Мөн нэг, хоёр талаас нь ирлэсэн чоппер, чоппинг буюу хугадас зэвсэг тооны хувьд харьцангуй илүү байсан.
Хэдийгээр зэвсгийн дийлэнх хувийг хайрган чулуугаар хийсэн боловч леваллуа маягийн хоёр талбайт үлдцийг тохируулан засаж улмаар цохих талбайг цуулах уртрагтай тэгшлэн дээд палеолитын нэг ба хоёр талбайт гонзгой үлдэц болгон хувиргасан нь илт мэдэгдэнэ. Үлдцийг ийнхүү эвтэй засаж ашиглах болсон нь түүнээс ялтас цуулахад эвтэй болж, цуулсан ялтас нь зөв талтай, авсаархан, хэрэглэхэд илүү зохицсон эдлэл болон хувирчээ. Мөн залтас, ялтсаар хийсэн зэвсгийн тоо эрс нэмэгдэж хусуур зэрэг жижиг багажийн төрөл анги олширч ирсэн байна.
Цайвар хүрэн ялзмаг хөрс бүхий хамгийн дээд нэгдүгээр давхарга геологийн хувьд голоцен буюу археологийн үечлэлээр мезолитын үед хамаарах ба асар олон тооны залтас, ялтас олдсон. Хайрган зэвсэг мөн тохиолдох боловч доод давхаргын тооны хувьд гүйцэхгүй боловч жижиг хэмжээний залтсаар хийсэн хусуур, хусууранцар, цоолтуур зэрэг хөнгөн эдлэлүүд улам нарийсаж ур хийц сайтай болсон нь харагдана. Хоёр, гуравдугаар давхаргад байсан үлдцүүдийн гаднах хэлбэр төрх нь өөрчлөгдөж жинхэнэ сонгодог шовх хэлбэртэй болжээ.
Мойлтын амны малтлагаас гадна эндэхийн газрын хөрсөн дээрээс хүний гараар хагалсан чулуу, чулуун зэвсэг хийдэг байгалийн түүхий эд болон үлдэц их хэмжээгээр олддог. Хожим 1996 – 1997 онд Монгол – Францын хамтарсан археологийн экспедици Мойлтын аманд бага хэмжээний малтлага хийсэн.
Мойлтын амны суурин нь судлаачдын дүгнэснээр, эхэн үедээ түр зуурын суурин маягийн томоохон дарханы газар байсан бололтой. Малтлагын явцад хүн удаан хугацаагаар суурин амьдарч байсан гал голомтын ором ганц нэг олдсон төдийгүй оромж, сууцны үлдэгдэл олдоогүйгээс ингэж дүгнэхэд хүргэсэн байна.