Монголын орны нутгаас шинэ чулуун зэвсгийн үед холбогдох олон зуун бууц, суурин, дарханы газар илрүүлэн олсны дотор үлэмж хэмжээний баялаг олдвортой газар бол Зуухын шинэ чулуун зэвсгийн суурин юм. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших энэ сууринг 1985 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан анх илрүүлэн олсон байна. Энэ газар нь Баянлиг сумын төвөөс Өвөрхангай аймгийн Богд сумын төв орох зам дагуу тааралдах Хатан суудал уулнаас 25 км зайтай газарт оршино. Зуухын суурингийн газарзүйн байршил нь дэлхийд алдартай Баянзагтай адил юм. 1985, 1995 онд хийсэн судалгааны ажлын үр дүнд эндээс археологийн дурсгал бүхий дөрвөн суурин газар олдсоны нэг нь хуучин чулуун зэвсгийн үеийн, нэг нь хүрэл зэвсгийн түрүү үеийн дурсгалтай байв.
Шинэ чулуун зэвсгийн дурсгал бүхий хэсгээс нийтдээ 8567 ширхэг чулуун зэвсгийн төрөл бүрийн дурсгалууд (үлдэц, ялтас, залтас, хусуур хутга, хутган ялтас, сумны зэв, жадны үзүүр, тариа цайруулах зорилгоор ашигладаг самбар чулуу, нухуур чулуу зэрэг), амьтдын 22 ширхэг яс, цөөн тооны тэмээн хяруулын өндөгний хальс, шавар ваар савны хагархай олджээ. Эдгээр чулуун зэвсгүүдийг улаан, шар хас, мана, цахиур, хайрга, элсэнцэр чулуугаар хийжээ.
Олдсон чулуун зэвсгийн дурсгалуудын дотор эзэлж буй хэмжээгээрээ хамгийн их нь говийн хэлбэрийн үлдэц юм. Говийн хэлбэрийн үлдэц нь хэлбэр төрхийн хувьд үндсэн хоёр хэсэгт хуваагдана. Үүнд:
- Цуулалтын эсрэг тал нь хоёр хажуу талаасаа тэгш хэмт хэмжээтэй хавирга хэлбэрийг үүсгэсэн бөгөөд тэр хэсэг хоёр талаасаа ирлэгдсэн байгаа нэг хэсэг.
- Цуулалтын эсрэг тал нь тэгш хэмт бус хэмжээтэй хавирга хэлбэрийг үүсгэн нэг талаасаа ирлэгдсэн нэг хэсэг болж хуваагдаж байгаа бөгөөд энэ төрлийн үлдэц нь үлдцүүдийн дотор 45.4 хувийг эзэлж байна.
Зуухын суурингаас олдсон нэгэн сонирхолтой олдвор бол байгалийн ямарваа нэгэн элэгдэлд ороогүй урьд өмнө Монголын нутагт тааралдаж байгаагүй, цагаан саарал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн том хэмжээний жадны гилбэр үзүүр юм (173*77*33мм). Ерөнхий хэлбэр нь навчин хэлбэрийн сумны зэвийг санагдуулах бөгөөд гүдгэр гадаргатай, ямарваа нэгэн ир суулгаагүй суурьтай энэ жадны үзүүр нь хоёр талдаа, хоёр захаасаа сайтар ирлэгдсэн байна. Ирний төрөл нь шаталсан тэгш бус хэмт ир болно. Сонирхолтой нь жадны үзүүрийн хоёр талын төвийн гүдгэр талбайнууд огт хөндөгдөөгүй байгалийнхаа төрхөөр хадгалагдан үлджээ.
Зуухын суурингаас олдож байгаа олдворууд он цагийн хувьд Монгол орны нутаг дэвсгэрт говийн хэлбэрийн үлдэц давамгайлан ажиглагдах болсон НТӨ IX-VII мянган жилийн үеэс НТӨ III мянган жилийн үед энэ газар эртний хүмүүс амьдарч байсныг нотлон харуулж байна.