Заг Байдрагийн голын эхэн сав - Байгалийн цогцолборт газар

Заг Байдрагийн хүрэн бэлчир нь Баянхонгор аймгийн төвөөс 170 км, Заг сумын төвөөс 15 км зайд байрладаг. Монголын эртний түүх, утга зохиолын гайхамшигт дурсгал болох Монголын нууц товчоонд их эзэн Чингис хааны цэрэг баруун тийш дайлаар мордохдоо Хүрэн бэлчирт буудаллаж байсан тухай өгүүлсэн байдаг. XYI зууны үед Халхын өндөр гэгээн Занабазар, Өөлдийн Галдан хутагт нарын санаачилга, удирдлагын дор “Дөчин дөрвийн ноёдын их чуулган” мөн энэ нутагт болж, Монгол түмний хувь заяаны асуудлыг тунгаан болгоож байсан түүхтэй газар юм.
 
Газарзүйн онцлог: Заг-Байдрагийн голын эхэн сав нутгийн 117500 га газрыг хамруулан 2012 онд УИХ-ын 57-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан.  БЦГ-ын нутаг дэвсгэр нь баруунаас зүүн тийш шулуунаар 70 км гаруй, хойноос урагш шулуунаар 20-30 км өргөн зурвас газрыг хамарна. Хойд талаараа Архангай аймагтай Хангайн нурууны гол усан хагалбар нуруугаар хиллэдэг. Тус цогцолборт газрын дэвсгэрт д.т.д 3000-3300 метрийн өндөрт орших Унтаа ямаатын эхний нуруу, Жинстийн нуруу, Цагаан асга, Хан жаргалан, Хүнхэр зогсоол зэрэг томоохон уулс, Биндэрьяа Хөх нуурыг хүрээлэн орших Хэцүү хясаа, Хурц уул, Жинстийн Цохиот, Үхэр чулууны нуруу, Ар Божих, Өвөр Божих, Их Тамгат, Ногоон нуурын хясаа, Халзан уул зэрэг өндөр уулс байдаг.

Хангайн нуруунд багтах нутгийн байгаль, уур амьсгал, хөрс, газарзүйн нөхцөл нь нэг талаас ойт хээр, хээр ба нөгөө талаас уулт тайга, уулт нуга, уулт хээр гэх мэт бүслүүрийн онцлог шинжтэй. Жаргалант сумын нутаг дэвсгэр нь Хангай Хэнтийн уулархаг бүс нутагт хамаарагддаг ба нутгийн хэмжээ 414318 га болно. Хамгийн өндөр цэг Түжил хайрхан 3257 метр өндөр. Заг-Байдрагийн голын эхэн сав нутаг нь Хатавчийн гол, Хөх нуурын гол, Байдраг голын эх болох Мандал, Сөдөт, Баруун, Дунд, Зүүн салаа голууд, Хөх нуур, Олгой нуур, Завгын нуур, Арцат нуур, Жинстийн нуур, Ногоон нуур, Шанаган нуур зэрэг мөсдлийн гаралтай цэнгэг уст нууруудаас гадна Хангайн Хөмбөн цулдам ноён оргилууд бүхий чулуун нураг, асгарга хөгжсөн эгц цавчим хажуудыг мөстлийн морен, бул чулуу дүүрсэн нарийн хавцал, тэвшин хөндийнүүд тусгаарлаж орших нь түгээмэл бөгөөд энэ нь тус БЦГ бусдаас ялгагдах өвөрмөц онцлог болдог.

Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал эмзэг нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг бүхий өндөр уулын өвөрмөц ландшафт, мөнх цэвдгийн ус чийгээр тэжээгдэн багавтар хэмжээний орон зайд зохицон ургасан өндөр уулын өвөрмөц маягийн ургамалжилт, түүнийг дагалдан тогтсон биогеоценозын (экосистемийн) хэсэг хэсэг голомт газрууд зэрэг нь ландшафтын өвөрмөц шинжийг төлөөдөг.

Геологийн тогтоц: Тус цогцолборт газрын нутаг дэвсгэрт д.т.д 3000-3300 метрийн өндөрт орших Унтаа Ямаатын эхний нуруу, Жинстийн нуруу, Цагаан асга, Хан жаргалан, Хүнхэр зогсоол зэрэг томоохон уулс, Биндэрьяа Хөх нуурыг хүрээлэн орших Хэцүү хясаа (3215м), Хурц уул (3323,1м), Жинстийн цохиот (2928.1м), Үхэр чулууны нуруу (2950м), Ар Божих (3290м), Өвөр Божих (3220.6м), Их Тамгат (3048.8м), Ногоон нуурын хясаа (2749м), Халзан уул (3027м) зэрэг өндөр уулс байна. Эдгээр уулс нь нийтдээ эгц цавчим хажуутай, хад чулуу ил гарсан, ялангуяа өвөр хэсэгтээ нураг асга ихтэй.

Хөрс: Биндэръяа Хөх нуурыг хүрээлэн орших уулсын ихэнх нь уулын хээрийн ландшафттай. Уулын хээрийн ландшафтад өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт хөрс тархана. Энэ хөрс харьцангуй хүйтэн, хуурай нөхцөлд тогтворжих ба нэг талаас чийг нэлээд дутагдалтай, нөгөө талаас сүрхий хүйтэн байдаг болохоор хөрс үүсвэрийн үйл явц өвөрмөц шинжтэй. Хөрсний нийт давхарга нэвт норж чийглэгддэг тул карбонатын карбонатын давс угаагдаж шилжих үзэгдэл цөөнгүй. Цаг агаарын хүйтэн нөхцөлд бага температурын үйлчлэлийн нөлөөгөөр хөрсөн дэх хөдөлгөөнт төмрийн нэгдлүүд усаа алдаж тундасжсанаас хөрсний жижиг эрдэс хэсгүүдийн гадарга дээр төмрийн хальслаг бүрхэвч тогтдог байна. Үүний үр дүнд хөрсний өнгө хурц хүрэн бор, улаавтар туяатай болж харагддаг байна.

Ойн сан: Харьцах өндөр ихтэй хад асга бүхий нүцгэн сарьдагууд ихтэй тул зөвхөн бүслүүр үүсгэх байдлаар уулсын ар хажууд хэсэг хэсгээр бага талбайд ой тархах онцлогтой. Тухайлбал, Биндэръяа Хөх нуур орчмын уулсад ар хажуугийн ойн ландшафт маш бага талбайг хамарч ихээхэн өндөрт толбо байдлаар тохиолддог. Ерөнхийдөө ар хажуугийн ойн ландшафтын тархалтын дээд хил нь 2700-2800 м өндөрт, доод хил нь 2400-2500 м өндөрт оршино. Ар хажуугийн ой нь сийрэг ургасан шинэс модноос бүрдэх ба ойн дээд захаар жинхэнэ тагийн бүслүүр нарийн зурвас байдлаар илэрдэг. Ар хажуугийн ойн бүс нь хамрах талбайн хувьд бага, ой үүсгэгч шинэс мод нь харьцангуй сийрэг тархацтай байдаг.

Саланги тусгаар орших эдгээр уулсад чийглэгийн хэмжээ тайгыг бодвол багасах тул энэ нь хөрс үүсвэрийн үйл явцад нөлөөлдөг. Ойн сан өндөршил - бүслүүрийн ангиллаар Тайга орчмын өвслөг ойн хэв шинжид хамаарах тул ихээхэн хээржүү төрхтэй, гол төлөв улалж - алаг өвс - үетэнт, хааяа зарим газраа сөөг бүхий алаг өвс - улалж - бушилзат бүлгэмдлээс тогтдог. Энд улаан толгой, мухар сорвоо, улалж, бужгар сараана, жавхаалаг башир, шошлойрхог хошоонгор, ягаан цээнэ, туяалаг цэцэг зэрэг ургамал голлодог. Мөн ойн ландшафтад хамрагдах энгэр хажууд баганан цэцэг, хэрчлэлт бэвлэнцэр, бэр цэцэг, дурсхал цэцэг, буурал гандбадраа, алаг цэцэгт башир, башгана, төмөр дэгд, бугын зогдор зэрэг хээршсэн нугын өвслөг ургамалтай.

Ургамал: Заг - Байдрагийн голын эхэн сав нутаг нь Монгол орны ботаник - газарзүйн мужлалаар Голaрктикийн их мужийн Эртний газар дундын тэнгис сэрүүн бүсийн дэд муж, Евразийн мужид харъяалагдах Монголын уулын ойт хээрийн хошуу, Хангайн уулын ойт хээрийн тойрогт багтана.  Ургамалжилтын хувьд нэг талаас Сибирийн тайгын элементүүд, нөгөө талаас Монголын хээрийн төлөөлөгчид, Дагуурын элементүүд нэвтэрч байршсанаас уулын хээр, уулын ойн бүслүүр ээлжлэн солигдоно. Хангайн нурууны тагтад Алтай-Соёны өндөр уулын элементүүд нэлээд байдаг. Мөн төвд баягзаваа, их бушилз зэрэг Гималайн өндөр уулсын үлдвэр байдаг нь нэн сонирхолтой. Энэ нутагт вансэмбрүү, мэхээр, царван, зэрлэг цахилдаг, хөх дэгд, шар дэгд, тарваган шийр, алтан гагнуур, сэржмядаг, манжингарав, нохойн хошуу, цагаан уул, юмдүүжин, сөд, хонгорзул, хад, тошлой, үхрийн нүд, улаалзгана зэрэг эмийн болон жимс жимсгэнийн олон төрлийн ургамал ургадаг.

Амьтан, шувуу: Амьтны газар зүйн мужлалаар уулархаг Азийн дэд их муж, Монгол Төвдийн мужийн ойт хээрийн дэд мужийн хангайн тойрогт хамрагддаг. Энэ бүс нутаг нь Хангайн нурууны өндөр уулын биотоп бөгөөд зонхилох амьтан, ургамалын хувьд зүйлийн өвөрмөц бүрдэлтэй.

Заг-Байдрагийн эхэн усыг хамгаалах нь усны эх ундаргыг хамгаалах, улмаар Олон нуурын хөндийд байрлах Бөөнцагаан нуурыг хамгаалах давхар ач холбогдолтой. Бөөнцагаан нуур нь Олон улсын ус намгархаг газрууд буюу усны шувууд олноор цугладаг газрын тухай (РАМСАР) конвенцид орсон төдийгүй дэлхийн хэмжээнд ховордсон зарим зүйл шувуудын өндөглөн зусдаг, нүүдлийн үедээ бууж амардаг газар учир 2011 онд Шувуудад чухал нутгуудийн (IBA026) жагсаалтанд мөн бүртгэгджээ. Хангайн нурууны салбар уулстай ойр байрлах тул амьдрах орчны хувьд өвөрмөц бүрдэлтэй.

Азийн сангийн бичил уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой ESEC II төслийн хүрээнд энэ бүс нутгийн биологийн байдлын олон янз ховордлын зэрэглэлтэй холбоотой тойм тайланг “Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв” хэвлэн гаргасан байдаг. Тайланд дурдсанаар, Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордсон болон ховордож болзошгүй амьтад байдаг. Үүнд ооч ёл, нөмрөг тас, идлэг шонхор, зээрд шонхор, алтайн хойлог, өгөөлэй шулганаа, янгир ямаа, халиун буга, аргаль хонь, монгол тарвага, шилүүс мий, мануул мий, саарал чоно, хярс, шар үнэг зэрэг болно. Эдгээрээс ооч ёл, алтайн хойлог, өгөөлэй шулганаа, ирвэс, цоохондой мий, янгир ямаа, алтайн аргаль зэрэг нь Монгол Улсын Улаан номонд орсон байдаг.

Загас: Биндэръяа Хөх нуур нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нууруудын адил загасны зүйлийн бүрдлийн хувьд маш ядмаг, морфо - экологийн хувьд алтайн давжаа сугас (Oreoleuciscus humilis), говийн эрээлж (Orthrias dgebuadzei), сахалт эрээлж (Orthrias barbatulus toni) тархан амьдардаг. Эхний хоёр зүйл нь нутгийн унаган загас бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар ховордож болзошгүй гэсэн ангилалд орсон. Тоо толгой, биомассын хувьд алтайн давжаа сугас давамгайлдаг. 2003 онд нутгийн иргэн Баатар Архангай аймгийн Чулуутын голоос шивэр хадран (Thymallus arcticus), зэвэг (Brachymystax lenok) зэрэг 59 ширхэг үржилд бэлэн болсон загасыг зөөвөрлөн 3 жил дараалан нутагшуулсан. 2012 онд ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгээс хийсэн нутагшуулсан загасны популяцийн (загасны нас, хүйсийн харьцаа, идэш тэжээлийн онцлог, нөөцийн төлөв байдал) судалгаагаар нуураас баригдсан загасны 54%-ийг шивэр хадран, 25.1%-ийг зэвэг, 20.9%-ийг алтайн давжаа сугас эзэлж байжээ. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын эмзэг экосистемд Хойд мөсөн далайн ай савын загасыг шинжлэх ухааны үндэслэлгүйгээр нутагшуулах нь нутгийн унаган популяци, биологийн төрөл зүйлд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Ялангуяа ТХГН-ийн хувьд олон улсын конвенцийн хүрээнд харь зүйлийг нутагшуулахыг хориглосон байдаг.

Ландшафт: Монгол орон бол Хангайн уулт их муж төвтэй түүнийг тал бүрээс нь хүрээлэх тус орны хилийн гадна орших байгалийн их мужуудын уулзвар заагт байрлах өвөрмөц нутаг бөгөөд байгалийн муж, бүсийн төлөөллийн хувьд уулын нуга, уулын хээрийн ландшафт голлох Хангайн уулт өндөрлөгийн төв хэсгийн дэд мужид хамрагдана. Заг - Байдрагийн голын эхэн сав нутаг нь газарзүйн байрлал, ландшафтын онцлогийн хувьд Хангайн уулт тэгш өндөрлөгийн төв хэсэг болох уулын нуга, нугат хээр, уулын хээрийн ландшафт хосолсон өндөр сүрлэг уулс, хад асга, цонж, мөсдлийн хунх, дайрга, мөсдлийн нуурууд, дээд намаг, түргэн урсгалт голууд, гүн хавцал, тэвшин хөндий нь байгалийн өвөрмөц хослол үүсгэдэг байна. Иймд Заг - Байдрагийн голын эхэн сав нутаг нь ландшафтын ерөнхий төрхөөрөө Хангайн нурууны баруун болон зүүн хэсгээс нэлээд ялгаатай. Хамгийн ерөнхий байдлаар өндөр уулын ян сарьдаг, өндөр уулын нуга, уулын хээр, уулын ой, татмын нуга гэсэн 5 том ялгаатай байгалийн цогцолборууд тод ажиглагдана.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах