Хөгнө Тарнын Байгалийн цогцолборт газар

Орхон Сэлэнгийн ай савын бэсрэг уулсын өмнөд хэсэгт, нуур голоос нилээд зайтай орших Хөгнөхаан уулын тайгын болон хээрийн ургамал амьтан нэг дор орших онцлогийг харгалзан энэхүү өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1997 онд анх "Байгалийн нөөц газар" ангиллаар тусгай хамгаалалтанд авсан. Хүн малын хөдөлгөөн ихэсч, ургамал бэлчээрийг талхлан, Хөгнө тарны яргайг хууль бусаар огтолж сүйтгэж байгаатай холбогдуулан 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор Тарна гол, Монгол элс, Их бага Монгол уул орчмын газар нутгаар өргөтгөн зохион байгуулалттай аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газар болгожээ. Хамгаалалтын захиргаа нь Булган аймгийн Рашаант суманд байрладаг. Хөгнө-Тарна байгалийн цогцолборт газар нь Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн заагт орших бөгөөд байгалийн мужлалаар Хан Хэнтий уулын мужид хамаарна. Хамгийн өндөр оргил нь Цэцэрлэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1968.8 метр. Эрт төрмөлийн үеийн элсэн чулуу, хувирмал занар, аргаллит, боржин, асмалжин, мөлгөр хөрзөн, гантиг, маш зузаан хүчиллэг бялхмал чулуу зонхилно. Усан ба утаат болор, молор эрдэнэ, хар, цагаан, ягаан, халтар гялтгануур, соронзон гүр, гянт, өнгө бүрийн аргай, жонш зэрэг ашигт малтмалын зүйлс элбэг байдаг. Хөгнөхаан уул нь ухаа цайвар боржингоос ихэнхдээ тогтжээ. Хөгнөхаан уулын орчимд гол мөрөн бараг байхгүй бөгөөд зөвхөн баруун бэлээр тогтсон Монгол элсний цаад талаар Хангайн нуруунаас эх авсан Тарнын гол урсдаг. Энэ гол нь Туул голд зүүн талаас цутгадаг учраас Орхон Туулын ай савд багтана.  Хөгнөхаан ууланд гүний усны нөөц сайтай  хэд хэдэн булаг бий.
 
Тарнын голын зүүн талаар зүүн урагш 80 километр үргэлжлэх Их Монгол элс хэмээх элсэн тарамцаг байдаг. Энэхүү элсэн толгод нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уулын орчимд хамгийн өргөн буюу 9-10 километр тархан оршдог. Их Монгол элс нь ургамлаар хагас бэхлэгдсэн учир нүүлт хөдөлгөөн харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд малын бэлчээр болгон ашиглаж даац хэтрүүлсэн учраас нүүн шилжих болсон байна.
 
Хөгнө-Тарна нь байгалийн гурван хэв шинжийг нэг доор агуулсан байхаас гадна ховор, нэн ховордсон ургамал, ан амьтан, жигүүртний төрөл зүйлтэй газар нутаг юм. Ойн бүтцийн хувьд голын хөндийгөөр бургас, моносон шугуйтай, бэл хормойгоороо шинэс, хус, хушин ойтой. Хушин ой нь Хангай Хэнтийн хушин ойгоос хааш хаашаа 200 гаруй километр алслагдсан байдгаараа онцлог. Уулын хад асга, хөндий жалгаар нь хайлаас харгана зэрэг модлог ургамал ургадаг. Ургамлын аймгийн нэн ховор 17 зүйл тархсан байхын зэрэгцээ нийт 399 зүйл ургамал ургадаг. Үүний 100 гаруй төрөл нь эмийн ургамал ажээ. Буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хярс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Дагуурын зараа, сахалт багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, монгол чичүүл, сибирийн алагдаага зэрэг жижиг хөхтөн, цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу, хөхөө, өвөөлж, элээ, ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувуудтай.
 
Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн зүүн хажууд боржин чулуун 2 хөшөө, Маань хадны маанийн үсэг, Ташуугийн өвөлжөө хэмээх газарт олон тооны булш бий. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс шүтэн хамгаалж ирсэн бөгөөд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо хэмээх тахилга үйлддэг газруудтай. Хөгнө хаан ууланд Рашааны, Хийдийн, Худгийн,  Бяцхан булгийн, Цэцэрлэгийн, Ханхарын, Самарт, Баялаг гээд үзэсгэлэнт сайхан амууд бий. Хөгнөхаан уул нь хад асга, ой шугуй гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул учраас Монголын түүхэн кино болох “Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтыг энд зохион байгуулжээ.
 
Домгоос өгүүлбэл, Хөгнөхаан уулын нэр нь нэгэн түүхэн явдалтай холбоотой юм. Ойрд Халх хоёр зөрчилдөн байх тэр цагт Ойрдын Галдан хаан Халхын өндөр гэгээн Занабазарыг хайж энэ уулын ойр тойрноор явж байгаад энэхүү Хөгнөхаан уулын Хийдийн ам хэмээх газарт нэгэн зүйл нарны гэрэлд гялалзахыг олж харжээ. Энэ наранд гялалзсан зүйл нь Өвгөний хийдийн алтан ганжир байсан бөгөөд Халхын лам нар Галдан хаанаас айгаад энэ сүмд нуугдсан байсан юм. Галдан хаан сүмийг нурааж нуугдсан лам нарыг бариулж ирээд бүгдийнх хүзүүгээр оосорлож хонь хөгнөж байгаа юм шиг хөгнөж байгаад боож алсан гэдэг. Тэр түүхээс үүдэн энэ уул Хөгнөхаан гэж нэрлэгдэх болжээ.