Тужийн нарс - Байгалийн цогцолборт газар

Тужийн нарсны байгалийн цогцолборт газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг ба эдгээр сумуудаас 5-15км зайд оршдог. Өндөр уулын, нугын, хэвгий талын ойн болон татмын ландшафтууд зонхилно. Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, налуу хажуут гүвээ толгод, өргөн ам хөндийнүүд, хад асга багатай өтгөн нарсан ой, уулын нуга, уулын хээрийн нарсан ойт нутаг юм. Сонгино, Дэлгэрхаан, Тогос, Тэмээн хүзүү толгой, Хөх чулуут, Цагаан даваа, Эхийн даваа зэрэг д.т.д 800 – 1400м өргөгдсөн уулс оршдог. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог. Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авч байгалийн цогцолбор газар болгосон.  
 

Геологийн тогтоц: Тус бүс нутгийн геологийн тогтцод тектоник хагарлууд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээр нь ихэвчлэн зүүн хойш чиглэлтэй байх ба уртаараа хэдэн арван км үргэлжилнэ. Зүүн хойш чиглэлийн бүтэц нь баруун хойш чиглэлийн бүтэцтэйгээ нийлж блоклог тогтцыг бүрдүүлдэг. Эдгээр бүтцүүдийг огтлолцол дээр ихэнх ашигт малтмалын ордуудын илрэлүүд байрласан байдаг. Алтанбулаг сумын нутгийн геологийн тогтцод янз бүрийн насны төрөл бүрийн гарал үүсэлтэй тунамал, метаморф болон гүний чулуулаг оролцдог. Энд галт уулын хүчиллэг болон суурилаг найрлагатай эффузивүүд байх ба тэдгээрийн туф, туффитууд ихээр тархжээ. Тунамал чулуулгаас элсэн чулуу, элсэнцэр, алевролит, аргиллит, хөрзөн зэргээс гадна орчин үеийн салхины зөөгдлөөр үүссэн элс, элсэнцэр, хайрга, шавар, шавранцрууд нь голын хөндий, уулын бэлээр их тархсан байна.

Хөрсөн бүрхэвч: Тужийн нарсны БЦГ-ын хөрс нь элсэнцэр, элсэн механик бүтэц зонхилсон эртний аллювийн тунамал хурдас бүхий хөрс үүсгэврийн чулуулаг дээр үүссэн. Хөрсний сэвсгэр сүвэрхэг байдал нь ус нэвчүүлэх чадвар өндөр, усыг ууршуулах чадвар сул байдаг. Уулын оргил, хад асгатай газруудад шим тэжээлийн бодисоор хамгийн сул-ширэгжсэн ойн хөрс, уулын налуу, ар шил, өндөрлөг хэсгээр дунд-ширэгжсэн ойн хөрс зонхилдог бол нам дор, ус чийгийн нөхцөл харьцангуй сайтай хэсгүүдэд гүн-ширэгт ойн хөрс бүрэлдэн тогтсон. Устай Шаамар, Ивцэгийн гол дагуух хөндий, нам дор газруудад чийгийн хангамж сайтай, хөрсний ялзмагжих үйл явц эрчимтэй явагдаж дунд болон хүнд шавранцар механик бүтэц бүхий өндөр үржил шимтэй хар шороон хөрс зонхилон тархсан. Тужийн нарсны БЦГ-ын хөрсийг ялзмагт ширэгжсэн үе давхаргын зузааныг харгалзан 10см хүртэл сул ширэгт, 10-15см гүнтэй дунд ширэгт, 15 см-ээс дээш гүнтэй ширэгт хэмээн 3 ангилна.

Уур амьсгал: Тужийн нарс орчмын нутаг нь Монгол орны уур амьсгалын мужлалаар хахир хүйтэн өвөлтэй, сэрүүвтэр зунтай мужид багтана. Өдөр нь их халах, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур чийг дутмаг байх зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалын шинж тод илэрдэг.

 

Ойн сан: Монгол орны ой-ургамалжилтын мужлалаар Өвөр Байгалийн ой–ургамалжилтын мужийн Сэлэнгийн хошууны Дэлгэрхааны тойрогт багтана. Тужийн нарсан ойг бүрдүүлэгч зонхилох мод нь “эгэл нарс” бөгөөд ойг түймэр, эрчимтэй мод бэлтгэлийн нөлөөгөөр ойн бүтэц бүрэлдэхүүнд шилмүүст төрлийн модны эзлэх хувь буурсаар байна. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, ойн гүнд нь хээрийн салхины исгэрээ мэдрэгдэхгүй байсан гэгддэг энэ нарсан ой нь гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нэлээд сүйтгэгдэж устаж мөхөхийн ирмэгт ирсэн нь саяхан юм. Эхлээд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн ургасан. Хээрийн ургамал түрэн ургаж, хөрсний ширэгжилт нэмэгдэх үед зориудын аргаар нарсны тарьц, суулгацаар ойжуулж нөхөн сэргээлтүүдийг хийсэн.

Ургамал-газарзүйн мужлалаар Дагуур Монголын хээрийн хошууны Баруун Хэнтийн уулын Алтанбулагийн районд хамрагдана. Ойн сангийн талбай нь бүхэлдээ тайгын хэмээн нэрлэгдэх дэд туйлын уур амьсгалын нөхцөлд үүсч бий болсон бүтэц бүрэлдэхүүнд нь эгэл нарс (Pinus Sylvestris) зонхилсон шилмүүст ой юм. Ойн нөөцийг голлох хувийг нарс эзэлдэг боловч хуш, шинэс, хус, улиас, гацуур, жодоо, улиангар зэрэг Хангайн бүсийн бүх төрлийн модлог ургамал ургадаг. Тужийн нарсны БЦГ-т түгээмэл тархацтай 10 овгийн 24 зүйлийн модлог болон сөөглөг ургамлын зүйлүүд ойг үүсгэн тархжээ. Бүтцийн хувьд ой нь ойг үүсгэгч моддын ташинга, бут сөөгийн ташинга болон өвсөн, хөвдөн нөмрөгөөс бүрдэнэ. Тужийн нарсны БЦГ-т явуулсан ойн судалгаагаар ойн ургамалжилтын 7 хэв шинж байгааг тодорхойлсон. Үүнд:

  • Алаг өвс – цахилдагт хусан ой
  • Сийрэг алаг өвс – сорвоот тайгархаг нарсан ой
  • Хатуу хөвхтэй нарсан ой
  • Улалж – алаг өвст нарсан ой
  • Хошоон бут – алаг өвст нарсан ой
  • Алирс – элдэв өвст нарсан ой
  • Үетэн – элдэв өвст шинэсэн ой

 

Ургамалжилт: Тужийн нарсны БНГ-ын нутаг дэвсгэрт 49 овгийн 250 зүйл ургамал бүртгэгдсэн. Умард Хангай, Монгол Дагуурын тойргийн заагт Хэнтийн тойрог, Дорнод Сибирьтэй хил залган орших учир Дорнод Сибирь, Дагуурын элемент зонхилон ургаж, уулсаар нь Хэнтийн уулсын Тайгын тойргийн ургамал элбэг тохиолдоно. Гүзээлзгэнэ, улаалзгана, хад, үхрийн нүд, нэрс, мойл, бөөрөлзгөнө, долоогоно зэрэг жимс, самар, олон төрлийн мөөг ургахаас гадна эмийн ургамлын арвин нөөцтэй.

  • Эмийн болон эмчилгээний ач холбогдолтой 274 зүйл
  • Хүнсний ач холбогдолтой 35 зүйл
  • Гоёл чимэглэл, гоо сайхны ач холбогдолтой 79 зүйл
  • Ахуйн хэрэгцээний ач холбогдолтой 25 зүйл
  • Малын тэжээл, хөрс хамгаалах ач холбогдолтой 422 зүйл ургамал ургадаг.

Хонин арц, дагуур сараана, бужгар сараана, томцэцэгт саадган цэцэг, шар саадган цэцэг, хөхөө цүнгэрэг, хос навчит шөнийн нил, монгол алтанхундага, ягаан мүгэз, сөөгөн шимэрс, дагуур тэрэлж, томнавчит дэгд, сибирь ерөндгөнө, манж гандигар, эмийн бамбай, дагуур алтаргана зэрэг 16 зүйл нэн ховор ургамал ургадаг. Эгэл баврын хуурамч арц, ялалтын сонгино (халиар), анхил сонгино, сарвуу сонгино, шар цахилдаг, үнэгэнсүүлхэй, тарна, төллүүр тарна, ацан ажиргана, ягаан цээнэ, сибирь удвал, их шүүдэргэнэ, үлдэн могойн идээ, час улаан долоогоно, жимсгэнэт өрөл, дагуур шимэрс, дэрэвгэр жиргэрүү, шаргал шарилж, илдэн игүүшин зэрэг 22 зүйл ховор ургамал ургадаг бөгөөд тэдгээрийн 10 зүйл нь Монгол Улсын Улаан номонд бүртгэгджээ.

Хөхтөн амьтан, шувууны зүйл: Тужийн нарсны БЦГ-ын нутаг дэвсгэрт чоно, үнэг, шилүүс, дорго, булга, мануул зэрэг үслэг ангын амьтан, баавгай, хандгай, буга, гахай, хүдэр, бор гөрөөс элбэг тохиолдоно. Эл бүсэд 6 хүрээ, 15 овгийн 26 зүйл хөхтөн амьдардаг. Хярс, дорго, нохой зээх, хадны суусар, бор гөрөөс, хандгай, шар үнэг, саарал чоно, шилүүс гэх мэт олон ан амьтантай. Бор галуу, явлаг сар, шунгаач хараацай, ердийн сойр, хөхвөр тагтаа, ойн тагтаа, орволго ууль, их ба бага алаг тоншуул, уран шувуу, самнаа хөмрөг гэх мэт олон зүйл шувуудтай.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах