Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Мянган угалзатын нуруу нь Монгол Алтайн нурууны нэгэн салбар бөгөөд Алтайн аргаль угалзын тархалтын цөм нутаг юм. Ховор ургамал, амьтан ихтэй энэ нуруунд аргаль угалзын сүрэг олноороо амьдардаг учраас ийнхүү нэрлэжээ. Мянган угалзатын нуруу нь зайлшгүй хамгаалах шаардлагатай онцгой чухал газар учраас 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.
Газарзүйн онцлог: Мянган угалзатын нуруу нь Монгол Алтайн нурууны хойд хэсэгт эргэн тойрон хотгороор хүрээлэгдсэн өндөр уулын хуурай хээрийн бүсэд оршдог бөгөөд Их Мянган угалзат, Бага Мянган угалзат, Бөөрөгийн нуруу, Асгатын нуруу, Цагаан Асганы нуруу, Ар уул, Богосын уул, Ембүү уул зэрэг хэд хэдэн том уулаас бүрдсэн том нуруу юм. Уулын гадарга хэрчигдэл ихтэй, өндөр уулын хотгор гүдгэрийн хэв шинж зонхилж захдуу хэсгээр нь дундаж уулын хотгор гүдгэр тогтсон байдаг. Уул нуруудын оргилууд нь шовхдуу байх ба орой хяр нь ерөнхийдөө хавтгайдуу бөмбөгөр хэлбэртэй, эртний тэгшрэлийн шаталсан гадаргатай байх нь цөөнгүй. Уулын хажуу нь эгц цавчим, хад асга, нуранги чулуу элбэгтэй.
Мянган угалзатын нурууны БЦГ-ын урд хэсгийн Ар даваа, Онц, Улаан ташуу зэрэг газрууд нь шовх боржин хад цохио ихтэй. Эдгээрийн өндөр 3000-3300 метрийн хооронд хэлбэлзэх бөгөөд хоорондоо Майхан Чулуут, Ар булаг, Шивэрт Хужирт зэрэг томоохон ам хөндийгөөр хэрчигдсэн байдаг. Өндөр уулын хээр, уулын хуурай хээрийн ландшафт, уулс хоорондох хөндий хотгорт заримдаг цөлийн ландшафт бүрэлдэн тогтсон.
Хөрсөн бүрхэвч: Хөрсөн бүрхэвч жигд биш, өндөр уулын экосистемийн өвөрмөц нөхцөлд зохилдон тогтворжсон олон хэв шинжийн хөрстэй. Өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт хөрс, уулын хүрэн шороон хөрс түгээмэл. Эдгээр хөрс ялзмагийн агууламж багатай, карбонатын хуримтлалтай, саармаг ба шүлтлэг орчинтой, сайр чулуурхаг хөнгөн шавранцар бүрэлдэхүүнтэй, нимгэн давхаргатай. Уулын хээрийн бүслүүрийн доод захаар цөлөрхөг хээрийн бор, цайвар хүрэн хөрс хаяалж тархах бөгөөд түүнээс дээш уулын хүрэн, уулын хар шороон, уулын нугат-хээрийн заримдаг тагийн хөрс дараалан тархсан. 3000м-ээс дээш өндөрт уулын нугын хар шороон хөрс голлох ба нуруудын оройгоор, хяраар уулын тундрын ширэгт ба сул хөгжсөн хөрс нэлээд тархсан байдаг. Уулсын орой, хяр, энгэр хажууд хад асга, чулуун асгарга ихээхэн хэмжээтэй байх учраас хөрсөн бүрхэвч жигд бус. Олон жилийн цэвдэг чулуулаг үргэлжилсэн, алаг цоог тархалттайгаас гадна хөрсний хөлдөлтийн гүн янз бүр байдаг.
Ургамалжилт: Хамгийн түгээмэл тархалттай уулын хээрийн хөрсөнд дээд талаас тагийн алаг өвс, доод талаас цөлөрхөг хээрийн ургамал нэвтэрч ургадаг. Уулсын дээд биеэр өндөр уулын тагийн бүслүүр илрэх бөгөөд бүрэлдэхүүнд нь бушилз, улалжит нуга зонхилно. Мянган Угалзатын нуруу нь Монгол Алтайн нуруудын нэгэн адил Сибирийн ой, Төв Азийн цөл, Казахстан-Тураны, Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж ирсэн уулзвар нутаг учраас ургамлын аймгийн хувьд өвөрмөц газар юм.
Ургамалжилтын мужлалаар Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрогт багтдаг. Мянган угалзатын нурууны бэл хормой, хотгоруудаар сөөгөнцөр-сайрын хялганат, таана-сайрын хялганат, баглуур-таана-сайрын хялганат цөлийн хээр, ботууль-дааган сүүл-невскийн ерхөгт, ботууль-невскийн ерхөгт, дэгнүүл үетэнт хээр, хуурай хээрийн ургамалшилтай байдаг бол дээшээ өгсөх тутам уулын хээрийн дэгнүүл үетэнт, өндөр уулын хээрийн алаг өвс-дэгнүүл үетэнт, өндөр уулын улалжит нугажуу хээрийн хэв шинжүүд голлодог.
Мянган угалзатын нурууны орчимд 61 овгийн 241 төрлийн 690 зүйлийн ургамал байдаг ба 98 зүйл нь мод, бут, сөөг, 592 зүйл нь өвслөг ургамал юм. Алтайн сонгино, ягаан мүгэз, вансэмбэрүү зэрэг ховор ургамал, хөмүүл, мөөг, тошлой, хар хад зэрэг хүнсний ургамал, зээргэнэ, эмгээлж, башига, сибирь гандигар, барагшун зэрэг эмийн ургамал элбэг. Олон улсын Улаан номонд орсон вансэмбэрүү (Saussurea involucrata), Монгол Улсын Улаан номонд орсон хонин арц (Juniperus pseudosabina), тэмээн харгана (Caragana spinosa) бий.
Хөхтөн амьтан, шувуу: Өндөр уулын бүслүүрийн экосистемийн онцлогийг илэрхийлсэн түгээмэл тархалттай гол амьтдаас цоохор ирвэс (Uncia uncia), янгир ямаа (Capra sibirica), Алтайн аргаль (Ovis ammon ammon), хар сүүлт зээр (Gazella subgutturosa), тагийн огодой (Ochotona alpina), Алтайн тарвага (Matmota baibacina) зэрэг ховор чухал амьтадтай. Нутгийн ихэнх хэсэгт монгол тарвага, урт сүүлт зурам, монгол огодой, бор туулай, саарал чоно, шар үнэг, хярс зэрэг хөхтөн элбэг тохиолдоно. Алтайн хойлог (Tetraogallus altaicus), цармын бүргэд (Aquila chrysaeatos) зэрэг ховор зэрэглэлийн шувууд бий. Харин тарважи бүргэд, сар, зээрд шонхор, начин шонхор зэрэг шувууд харьцангуй түгээмэл тохиолдоно.
Монгол Улсын нэн ховор амьтны бүртгэлтэй 6 зүйл амьтан, Улаан номонд устаж буй ховор амьтны зэрэглэлээр бүртгэгдсэн 17 зүйл, 5 зүйл шувуу, 4 зүйл мөлхөгч, хоёр нутагтан 1 зүйл амьдардаг. Олон улсын Улаан ном (IUNC)-д бүртгэгдсэн 6 зүйл хөхтөн, нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенцийн I хавсралтад бичигдсэн 1 зүйл, II хавсралтанд бүртгэгдсэн 3 зүйл, зэрлэг ан амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES) -ийн 1 дүгээр хавсралтанд бүртгэгдсэн Монгол орны 12 зүйл хөхтөн амьтны 4 зүйл нь, 2 дугаар хавсралтанд бүртгэгдсэн 6 зүйл хөхтөн, 11 зүйл шувуу, 1 зүйл мөлхөгч нийт 17 зүйл амьтан тус нутагт тархан амьдарч байна. Тийм учраас Мянган угалзатын нурууны БЦГ нь зайлшгүй хамгаалах шаардлагатай олон зүйл амьтан, устаж үгүй болох эрсдэлтэй нэн ховор амьтдыг агуулсан онцгой чухал газар юм.
Домогт өгүүлснээр, Эрт цагт нэгэн ядуу анчин бяцхан хүүгийн хамт Алтайн уулнаа тарвага, зурамхан агнаж гол зогоон амьдардаг байжээ. Гэтэл нэгэн өдөр ууланд удаан гөрөөлсөн боловч ямар ч ан агнаж эс чадав гэнэ. Өдөржин явж ядарсан аав хүү хоёр жижиг горхины дэргэд ирж амны цангаагаа тайлж түр амран суутал хүү нь “Аав аа, өнөөдөр бидэн хоёрт энэ уул хишиг хайрласангүй, хоосон хонох нь дээ” хэмээгээд санаа алдав. Аав нь өлссөн хүүгээ хараад өрөвдсөн боловч “Алтайн уулсын хишгийг бид хоёр зөндөө л хүртсэн, заавал өдөр бүр хүртэх албагүй шүү дээ, миний хүү” гэжээ. Хүү нь “энэ нутаг ан гөрөө элбэг бус юм, тарвага зурамнаас өөр амьтан даанч үгүй юм даа” хэмээн бодох зуур холгүйхэн нэгэн аргалын бор хурга ундаалж буйг гэнэт олж үзэв. Аргалын хурга айж цочилгүйгээр уснаас ханатлаа уугаад унтаад өгчээ. Хүү баярлан гүйж очоод аргалын хургыг барьж аваад “аав аа, өнөөдөр том хишиг хайрлалаа, энэ хөөрхөн амьтныг юу гэдэг юм бэ” гэж асуув. Аав нь төөрсөн аргалын хурга бололтой. Яг чам шиг нялх амьтан байна, эхээс нь хагацааж болохгүй, тавьчих” хэмээн хүүгээ ятгажээ. Тавьж явуулах зуурт “энэ нутагт идээшин дасаж мянга болох болтугай” хэмээн ерөөсөнд хөвүүн араас нь “мянга болох болтугай” хэмээн хашгирчээ. Аргалын хурга эргэн харснаа уулын орой руу дэгдэн одов. Аав хүү хоёр гэдэс өлссөн, ан хийж чадалгүй буцсан ч сэтгэл өөдрөг байв. Тэр цагаас хойш ерөөл биелж энэ уул аргаль угалзаар баян болж хаа сайгүй аргаль хонь сүрэглэх болсон тул “Мянган угалзатын нуруу” хэмээн нэрлэх болжээ. Аав хүү хоёрын ч амьдрал дээшилж амгалан сайхан аж төрөх болсон гэдэг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах