Архангай аймгийн Цахир, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай, Их-Уул сумдын нутаг дэвсгэрт оршдог, Хангайн нурууны төв хэсгийн байгалийг онцлогийг төлөөлсөн уулс юм. Мөнх цастай, асга хад чулуугаар хучигдсан, эгц ханан хажуу хясаатай, гүн хавцал бүхий галт уулын гаралтай хотгор гүдгэр бүхий газар юм. Тус нутаг нь монгол орны физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хангай мужид хамаарагдах бөгөөд өнөөгийн шинэчилсэн схемээр Хангайн уулт их муж, хангайн өндөр уулын муж, Дорнод Хангайн дэд мужид хамаарна. Төв Азийн өндөр уулын экосистем ноёлох боловч ой мод, уулын хээр, нуур, намаг ч тааралдана. Хар анаг, Өвөр цагаан сайрын ам, Түргэн, Гөрөөст зэрэг байгалийн үзэсгэлэнт уулын хавцлуудтай.
Тарвагатайн нуруу нь ойролцоогоор д.т.д 2100м-ээс дээш байрладаг тул уг нуруу ба түүний өөр хоорондоо ялгаатай ландшафтуудад карбонатлаг биш, механик бүтцийн хувьд элсэрхэг бүтэцтэй тагийн хөрс ба түүний хувилбарууд зонхилдог. Уулын тайгын ширэгт, уулын тайгын цэвдэгт хөрс нэлээд өргөн зурвасаар тархсан байдаг.
Тарвагатайн нуруунд галт уулын гаралтай бүлэг жижиг нуурууд элбэг тохиолдохоос гадна химийн найрлагаараа өөр хоорондоо ялгаатай, дотор эрхтэнийг анагаах увидастай, халуун рашааны III зэрэгт багтах Хожуул, Зарт, Халуун ус, Цэцүүх, Хөнжил гэх мэт рашаанууд бий. Тарвагатайн нуруунаас Сэлэнгэ мөрний томоохон цутгал Идэр гол эх аван урсдаг. Идэр, Тэрх голын хооронд сунаж оршихдоо гүн хөндий, эгц цавчим хажуу бүхий 2567-3226 метр өргөгдсөн уулстай. Ийнхүү Монголын хамгийн том Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарын муж болдог, мөн эмчилгээний чанартай рашааны нөөцүүдтэй тул 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.
Ойн бүс, ургамалжилт: Тарвагатайн нурууны БЦГ нь Монголын геоботаникийн мужлалын дагуу Хангайн нурууны мужийн ойт хээрийн бүсэд багтдаг. Хангайн нуруу нь Төв Азийн хуурай хээр, Хойд Азийн бореалийн экосистем, Баруун Сибирь ба Алтай Саяны өндөр уулын экосистем зэрэг олон экосистемүүдийн уулзах зааг дээр оршдог учраас тус мужийн ургамлын аймаг нь нэлээд онцлог буюу дээрх экосистемүүдийн элемэнтүүдээс бүрддэг.
Тарвагатайн нурууны БЦГ-т шинэс (хар мод) зонхилж нутгийн зүүн хэсгээр хуш мод ургадаг. Уулс хоорондын хөндийн олон гол горхийг даган навчит модон нуга үргэлжилнэ. Ургамлын аймгийн хувьд харьцангуй баялаг, хойд тайгын, ойт хээрийн, түүнчлэн Төв Азийн тал нутгийн болон өндөр уулын ургамал ургана. Тарвагатайн нурууны БЦГ-т 55 овог, 168 төрлийн 338 зүйлийн цоргот ургамлыг бүртгэсэн байна. 122 зүйл нь эмийн болон хүнс, техникийн зориулалттай ашиглагддаг зүйлүүд юм. Сибирь хундага, ягаан цээнэ, эмийн бамбай, алтанзул зэрэг ховор ургамал ургадаг. Эгц хавцал бүхий газраар намхан бутлаг ургамал ургана.
Хөхтөн амьтан: Тарвагатайн нурууны БЦГ-ын Ямаатын голын эх орчмын хязгаарлалтын бүс нутагт 2007, 2011 онд хөхтөн амьтан, шувуудын зүйл, ургамлын судалгаа хийгдсэн. 22 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгджээ. Бараан хэрэм, урт сүүлт зурам, тарвага, хадны суусар, хярс, үнэг, бор гөрөөс, нохой зээх, өмхий хүрэн, саарал чоно, шилүүс, хүдэр, аргаль, янгир, халиун буга зэрэг амьтнаас гадна ажиглалтаар цоохор ирвэс 1 бодгаль бүртгэгдсэн байна.
Шувуудын зүйл: Тарвагатайн нурууны БЦГ-т 65 зүйл шувуу тэмдэглэгдсэн. Цасч дэглий, хар өрөвтас, усны цагаан сүүлт бүргэд, ооч ёл, нургийн сойр, хилэн омруут ахууна, цагаан ахууна гэх мэт Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн шувуудаас гадна нөмрөг тас, тарважи бүргэд, начин шонхор, хондон ангир, хээрийн галуу, гангар хун, зэрлэг нугас, зэрлэгшир нугас, сохор элээ, тураг гогоо, адууч чогчоохой зэрэг шувууд түгээмэл тохиолдоно.
Загасны зүйл: Тарвагатайн нурууны БЦГ-т 5 зүйлийн загас байдаг ба бараан зэвэг, монгол хадран, давжаа сугас зэрэг зүйлүүд бүх голуудад тохиолддог. Ердийн цурхай нууруудаар байдаг. Тул загас нь Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэрийн голын эх, түүний ай саваар байх ба Ногоон нуурт цөөн тохиолддог.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах