Газарзүйн онцлог: Хангайн нурууны салбар уулсын нэг бөгөөд баруун хойш налуу байрлалтай, бага хэмжээний мөнх цастай, хойд талаараа Түмэнсант, Дашдаваг хэмээх салбар уулстай. Ноён хангай уулын төв хэсэгт боржин хад цохио, том том үхэр чулуун асгатай, тэдгээрийн дороос ундран гарах эмчилгээний чанартай 10 гаруй рашаан булагтай. Ноёнхангай уул нь Хангайн нурууны төв болон Тарвагатайн нурууны дэд мужуудад хамрагддаг. Гадаргын хувьд Хангайн гол нурууны ар хэсгийн өндөр уулс, тэдгээрээс эх аван урсах голуудын хөндий хосолсон тогтоцтой.
Ноён хангай БЦГ-ын баруун хэсгээр Дашдавагийн нуруу, Туулайт нуруу, Шунагар нуруу зэрэг 2500-3500 метр өндөр уулс үргэлжилдэг. Хамгийн өндөр цэг болох Дашдаваг уул 3320.5м өндөрт оршино. Цогцолборт газрын хойд хэсгээр д.т.д 2633м өндөр Элстийн гозгор, 2983м өндөр Түмэн сант, 2891м өндөр Бадар аягын нуруу зэрэг салбар уулс хүрээлж, урд хэсгээр 3120м өндөр Хан Жаргалантын нуруу, Хавчигийн нуруу үргэлжилдэг. Гадаргын байдал зүүн тийшээ намсаж, нууруудтай хөндийгөөр үргэлжлэх ба БЦГ-ын зүүн хилийг Завагийн нуруу, 3121м өндөр Төхөмийн хясаа уул хүрээлдэг. Ноёнхангай БЦГ-ын төв хэсгээр эртний мөстлөгийн хунх, морений мөлгөр чулуу, цас мөсний усанд идэгдсэн гүн харанхуй ганга хавцал, хунх хослуулсан Ямаатын нуруу, Цохионы нуруу, Оготор бэлчирийн нуруу, 3153м өндөр Ноёнхангай оргил нь байгалийн тогтцыг улам үзэсгэлэнтэй, өвөрмөц болгодог онцлогтой.
Геологийн тогтоц: Ноёнхангай уул орчмын нутагт геологийн янз бүрийн цаг үеүдэд харилцан адилгүй бүтэц бий. Эрт, дунд төрмөлийн үеийн боржин, диорит, гранодиорит, шүлтлэг боржин, габро зэрэг хурдас чулуулгууд зонхилно. Харин уулс хоорондын болон голуудын хөндий дагуу дөрөвдөгчийн ба орчин үеийн насжилттай элс хайрга, сайрга, шавранцар, элсэнцэр материалаас бүрдсэн сэвсгэр зузаан хурдас түгээмэл тархсан. Ноёнхангай уулын рашааны орчимд герциний үеийн бүдүүн ширхэгт цайвар боржин голлодог. Гол горхи, голын сайр дагуу хуучин төрмөлийн эриний дунд үеийн хувирсан элсэн чулуу, занар зэрэг тунамал чулуулагтай. Нутгийн ихэнх хэсгээр боржин болон уулсын орой, хяраар хувирмал занар гэх мэт эрт галавын тунамал чулуулаг голлодог.
Хөрсөн бүрхэвч: Уулын хөрсний тархалт өндрийн бүсчлэлийн зүй тогтолд захирагдаж, өндрийн тодорхой түвшинд өөр өөр хөрстэй байна. Энд ширэгт тайгын, уулын нугат болон нугат хээрийн, уулын хар хүрэн, уулын цайвар хүрэн зэрэг үлдмэл нугын шинжтэй хүрэн хөрс тархсан. Тайга, нуруудын тагийн хэсгээр уулын тайгын-цэвдэгт, уулын тайгын-ширэгт, хүлэрлэг хөрсүүд эх чулуулгийн илэрцтэй алаглан тогтсон. Уулын дээд ба дунд хэсгийн ар талын ойгоор бүрхэгдсэн нутагт уулын хар хүрэн зонхилно. Уулын хормойн аажим налуу ба хотгордуу гадаргаар уулын нугын хар шороон хөрс тархаж, зарим газраар зурваслана. Уулын налуугийн нугачаархаг гадарга, хяраар жижиг чулуун хучлагатай, тэндээс намсах тусам гулсаж хуримтлагдсан бараан өнгийн дарагшмал хөрстэй.
Ойн сан: Хангайн нурууны бүсийн шилмүүст ой нь хөрс, усыг хамгаалах, усны урсацыг зохицуулах, уулын экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад ихээхэн чухал үүрэгтэй байдаг. Ноён хангай уулын тайгархаг шинэсэн ой нь д.т.д 1700 – 2100м өндөрт дэгнүүлт тайгын гүн цэвдэгт хөрсөн дээр хааяа хуштай хамт ургана. Хуш нь хэдийгээр өсвөр насных байх боловч нас гүйцэж хушин ой үүсгэх нь ховор байх ба энэ нь тайгархаг ойн шинжтэй холбоотой. Уулсаараа хус, улиангар оролцсон холимог ой, уулынхаа араар сийрэг шинэсэн ой зонхилдог бөгөөд хушин тайга ч бага зэрэг бий. Голын хөндий татам дагууд улиас, бургасан шугуйтай, татмын элдэв өвст нугатай.
Ургамалжилт: Ноён хангайн тойрогт 1214 зүйл ургамал бүртгэгдсэний 1062 зүйл нь өвслөг, 151 нь модлог, сөөглөг ургамал байна. Ургамалжилтын хувьд нэг талаас Сибирийн тайгын элементүүд, нөгөө талаас Монголын хээрийн төлөөлөгчид бас Дагуурын элементүүд нэвтэрч байршсан. Уулын тагтад бушилзат, өлөн-бушилзат, элдэв өвст намгархаг нугатай, хаг, хөвдөт царамтай, тагийн сөөгөн ширэнгэтэй. Уулсын бэлээр ботууль-элдэв өвст, үетэн-элдэв өвст, жижиг дэгнүүл үетэн өргөн тархсан бөгөөд түүнд ленийн ботууль, саман дурваа, сунагар биелэг, сибирь ботууль, сибирь ба байгаль хялгана, шеллийн бутнуур зэрэг үетэн, зогдор өлөн, хигмэл бивлэнцэр, одой далантүрүү, дагуур тайр, нарийн навчит тарна, цомцогт бааварцэцэг голлох байр эзэлнэ. Өргөн хөндийнүүдээр хуурай шивээт хялганат ба шивээт хялганат-агьт хээрийн ургамалтай. Хангайн нуруунд Монголын Улаан номд орсон 20 зүйл ургамал ургадаг.
Хөхтөн амьтан: Ноён хангай ууланд Хангайн нуруунд тархсан амьтад байнга шилжилт хөдөлгөөн хийдэг. Хангайн нурууны амьтны аймгийг авч үзвэл Сибирь, Төв Азийн хооронд оршдог амьтны зүйлүүдийг агуулдаг. Ноён хангай БЦГ-т нийт 22 төрлийн хөхтөн амьтад бүртгэгдсэний 3 зүйл нь Монгол Улсын хэмжээнд устах аюулд өртөөд байгаа зүйл юм. Баданга хүдэр нь дэлхийд устах аюулд өртөөд байгаа бөгөөд олон улсын Улаан номонд эмзэг төрөл зүйлд багтсан байдаг.
Бор гөрөөс, зэрлэг гахай, монгол тарвага, чандага, боролзон туулай, шар үнэг, хярс, солонго, цагаан үен, модны үен, бараан хэрэм, замба жирх, сүүлэрхэг зурам зэрэг 18 зүйл хөхтөн амьтан, хар хур, нургийн сойр, цагаан ятуу, цэвдэгийн цагаан ятуу, дагуур ятуу гэх 5 зүйл шувуу нийт 23 зүйлийн агнуурын үндсэн амьтантай. Баданга хүдэр, халиун буга, аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, Алтайн хойлог нь Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн “нэн ховор” амьтад юм.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах