Хөвсгөл нуур - Байгалийн цогцолборт газар

Хөвсгөл нуур, түүний сав газар, Эг, Үүр голын эх, Зүүн Соёны усан хагалбарын хэсгийг хамарсан нийт 838100 га газар нутгийг Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 31 дүгээр тогтоолоор “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. Хөвсгөл нуур нь уртрагийн дагуу сунасан тектоник гаралтай хотгорт тогтсон гонзгой зууван хэлбэртэй, 2760км.кв талбайтай, 34-36км өргөн, 136км урт, 262м гүн нуур бөгөөд д.т.д 1645м өндөрт оршдог. Эргийн шугамын урт 414км үргэлжилдэг. 380 шоо км усны нөөцөөр дэлхийд 14 дүгээрт, Ази тивд 2 дугаарт ордог. Монголын гадаргын цэвэр усны нөөцийн 93.6 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл нууранд 46 гол горхи цутгадаг ба нийт 5300км.кв талбайгаас усжина. Ганцхан Эгийн гол эх авч урсана. Урсгал хурдтай, булингар бүхий олон гол горхи цутгадаг боловч нуурын ус маш тунгалаг, усны тунгалагшилт нь нуурын төвд 24.5 метр, гол горхины цутгал болон эрэг хавьд 14.3 метр хүрдэг.  Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Хөвсгөл нуур тун гүнзгий учраас зуны богино хугацаанд алгуур халж зөвхөн 50м хүртэлх өнгөн хэсэг нь бүлээсэх бөгөөд усны гадаргын температур 18 градусаас хэтэрдэггүй, Монгол орны хамгийн хүйтэн устай нуур юм.

Хөвсгөл нуурыг 1910-аад оны үеэс усан замын тээвэрт ашиглаж ирсэн бөгөөд түүний эдийн засгийн ач холбогдол бусад нуураас давуу юм. Хөвсгөл нуур орчмын нутаг нь Монголын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг бөгөөд өвлийн улиралд нуурыг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Газарзүйн онцлог: Хөвсгөл нуурын ай сав газар нь уулзүйн хувьд хойгуураа зүүн Соёны уулс, өмнөд хэсгээрээ Хангайн салбар уулс, баруун талаараа Тувагийн уулсын салбар, зүүн талаараа Байгалийн салбар уулсын хооронд газар хөдлөлтөөс үүссэн хонхорт оршдог. Физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хөвсгөлийн мужид багтдаг өндөр өргөгдсөн уулархаг нутаг юм.

Хөвсгөл нуурын баруун хэсэг д.т.д 2500 – 3000м өндөр өргөгдсөн, шовх оройтой Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нурууны эгц хажуугаар хүрээлэгдэж, цавчим хавцал, гуу жалгаар хэрчигдсэн байдаг. Харин нуурын зүүн талын хэсэг бэсрэг уулын хэв шинжтэй, ихэнх уулын оргил 2000м хүрэхгүй, модоор хучигдсан бөмбөгөр оройтой уулс зонхилно. Хөвсгөл нуурын зүүн өмнөд хэсэг ихэнхдээ намхан гадаргуутай, нуурын усны төвшнөөс дээш 200 – 400м өргөгдсөн байдаг. Хөвсгөл нуурын ай савд хамгийн өндөр цэг нь Мөнх-Сарьдаг уулын Бүрэнхаан оргил бөгөөд д.т.д 3491м, хамгийн нам дор газар нь д.т.д 1645м орших Хөвсгөл нуурын усны мандал юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь  Далайн хүй арал бөгөөд усны мандлаас 126м өндөр, 3км урт, 2 км өргөн, 5.8км.кв талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг.  Хадан хүй арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. Модон хүй нь онцгой сайхан байгальтай. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм.

Нуурын газарзүйн үүсэл: Хөвсгөл нуурын хавийн нутгийн ул хөрсний хувьсал нь газар үүслийн дөрвөн том эринийг туулсан байдаг.

  • Протерозейн буюу их эртний амьдралын эрин нь 2 тэрбум жилийн тэртээх үйл явц.
  • Дараагийн хурдасны тогтоц нь палеозойн эрин буюу эртний амьдралын эрин.
  • Дараагийн үе 570-350 сая жил үргэлжилж газар бүрэлдэн тогтож эхэлсэн.
  • Дөрөв дэх эрин буюу чулуун нүүрсний үе 350 сая жилийн тэртээ эхэлж 65-75 сая жил үргэлжилсэн бөгөөд энэ үед газар хөдлөлт маш идэвхтэй байсан.

 

Чулуун нүүрсний эриний эхэн буюу кембрийн үед Хатгал, Урандөш, Эгийн гол, Ухаа толгой хавийн нутаг, одоогийн Байгаль нуурын орчин, зүүн ба баруун Соёны нуруу, Тува, Хөвсгөл хавийн нутгийг хамарсан гүнзгий бус усан сан байсан. Энэ эриний девон, чулуун нүүрс, пермийн үед газар хөдлөл, галт уулын идэвхтэй байдлаас одоогийн газарзүйн үүсэл явагдсан. Дараагийн мезозойн буюу дунд эртний амьдралын эрин үед ул хөрс нь чулуулаг царцас байсан ба энэ нь 230 -163 сая жил хүртэл үргэлжилсэн. Кайнозойн эрин нь дунджаар 65 сая жилийн тэртээгээс өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд ул хөрс, чулуулагийн тогтоц олон үе давхарга болон тогтсон. Хөрсний дээд хэсэг нь хагарал, ан цав ихтэй, харин доод хэсэг нь туйлын нягт ан цавгүй ус үл нэвчих давхарга байсан. Кайнозойн эриний дөрөвдөгч үе нь одоо үргэлжилж байна. Энэхүү дөрөвдөгч үеийн дотор Палеогений үе 42 сая жил, Неогений үе 23 сая жил үргэлжилж, дөрөвдөгч үе нь 2 сая жилийн өмнө эхэлсэн. Дөрөвдөгч үеийг дотор нь мөстлөгийн плейстоцен буюу мөстлөгийн дараах голоцен гэж хуваадаг.

Дөрөвдөгч үед уул үүсэх хөдөлгөөн маш идэвхтэй явагдаж том том уулсын системүүд үүсч хотгор гүдгэр, ургамал амьтан, уур амьсгалын орчин үеийн хэлбэр шинж төрхөнд орсон бөгөөд энэ үйл явц 2-3 сая жилийн турш үргэлжилсэн. Хөвсгөл нуурыг одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн, ойр орчмын газарзүйн тогтоц 2-3 сая жилийн турш явагдсан гэж судлаачид үздэг. Хөвсгөл нуур нь эрт төрмөлийн эриний үеийн хагарал дагаж тогтсон насны хувьд Байгаль нууртай ойролцоо бөгөөд тектоник гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал нь их хэрчигдсэн, булан тохой арал хойг, элэгдлийн чулуут эгц дэнж, хадан хясаа элбэгтэй.

Ойн сан, ургамалжилт: Хөвсгөлийн БЦГ-ын хувьд сибирь хушин ой (Pinus sibirica), шинэсэн ой (Larix sibirica), улиангарын ойн формациудаас бүрддэг. Хушин ой нь уулын оргил, дээд биеэр дангаараа буюу шинэстэй холилдон ургадаг. Уулсын д.т.д 1900 – 2000м өндөрт хуш, шинэсэн ой зонхилно. Бүх ойн талбайн 80%-ийг шинэсэн ой эзлэх ба 1645-2300м хүртэл өндөрт ургасан байдаг. Улиангарын ой нь хад асгатай энгэр хажуу, чулуурхаг ан цав хэсэгт төгөл үүсгэж ургасан. Хөвсгөл нуурын БЦГ-ын нийт ойн сан 487642 мянган га бөгөөд 51473090 метр куб нөөцтэй.  

Хөвсгөлийн БЦГ-ын орчимд 69 овог, 262 төрөлд хамаарах 750 зүйл дээд ургамал тэмдэглэгджээ. Эдгээрийн 18 зүйл нь цоргот, 7 зүйл нь нүцгэн үрт, 725 зүйл нь бүрхүүл үрт ургамал юм. Хөвсгөл нуурын эргэн тойронд 200 гаруй эмийн болон ашигт ургамал байдгаас эмийн ургамал 169 зүйл, хүнсний ургамал 35 зүйл, тэжээлийн ургамал 6 зүйл, техникийн ургамал 32 зүйл, гоёл чимэглэлийн ургамал 31 зүйл, ус цэвэрлэгч ургамал 8 зүйл ургадаг.

Хөхтөн амьтан, шавьжны нөөц: Хөвсгөлийн БЦГ харьцангуй олон янзын амьдрах орчинтойгоос хамааран амьтны аймгийн зүйлийн бүрэлдэхүүн олон бөгөөд нэлээд хэдэн зүйл ховор болон нэн ховор хөхтөн амьтны зүйл байдаг. БЦГ-ын орчимд 63 зүйл хөхтөн амьтад амьдардаг.

Үүнээс туруутнаас 4 овгийн 7 төрөлд хамаарах 7 зүйл, туулайтнаас 2 овгийн 2 төрөлд хамаарах 4 зүйл, мэрэгчдээс 5 овгийн 14 төрөлд хамаарах 23 зүйл, махчин амьтны 4 овгийн 11 төрөлд хамаарах 17 зүйл бий. Тус нутагт баданга хүдэр (Moschus), янгир ямаа (Capra sibirica), халиун буга (Cervus elaphus), хандгай (Alcesalces), хүрэн баавгай (Ursusarctos), буган цаа (Ranqifer tarandus), шилүүс мий (Lynx lynx) зэрэг ховор, ховордсон амьтад байршдаг. Эдгээрээс ховорт тооцогдох буган цаа, хярс, хадны суусар, хотны үен, баданга хүдэр, хандгай, хүрэн баавгай, хэвийн өсөлттэй амьтад нь халиун буга, янгир ямаа, чандага, бараан хэрэм, жирх, урт сүүлт зурам, ойн шар үнэг, булга, нохой зээх, цагаан үен, ойн солонго, өмхий хүрэн, дорго, мануул, зэрлэг гахай, бор гөрөөс, саарал чоно, тодорхойгүй буюу бага судлагдсан амьтад нь усч гүрэлзгэнэ, хонин малтаахай, усны багваахай, жижиг соотон багваахай, жижиг соотон багваахай, сахалт багваахай, сархитгана оготно, чигчий хулгана юм. 

МУИС, Эрхүүгийн их сургуулийн хамтарсан “Хөвсгөл хайгуул” төслийн хүрээнд А.Цэндсүрэн, К.Лыкпан нар шавьжны зүй тогтлыг нэлээд нарийвчлан тодорхойлсон. Нийт 430 орчим зүйл шавьж тэмдэглэснээс 42 зүйл нь ойн ургамал сүйтгэх хортон, 28 зүйл нь ойн ургамал хамгаалах ач холбогдолтой шавьж байжээ.