Монгол бөхөнг хамгаалах зорилгоор Монгол орны баруун хэсэгт байрлах Шарга ба Манхан хэмээх газруудыг 1993 онд УИХ-ын тогтоолоор “байгалийн нөөц газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ. Тус газар нь Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Тонхил, Дарви, Халиун сумдын нутгийг хамарсан Шаргын говийн хэсэг, Ховд аймгийн Буянт, Манхан сумын нутгийг хамарсан Манханы хэсэг гэсэн хоорондоо холбоогүй 200 орчим км зайтай тусгаарлагдсан талбайг эзэлнэ.
Шаргын байгалийн нөөц газрын үндсэн зорилго нь говь цөлийн хөрс, ургамал, амьтны иж бүрдэлийн анхны төрх байдлыг хэвээр нь хадгалах, Монгол орны унаган амьтан болох монгол бөхөнг хамгаалах, өсгөн үржүүлэхэд оршино. Шаргын говь нь Монгол Алтайн уулсын төв хэсэг рүү түрж орсон, Шаргын цагаан нуурыг тойрсон хужир мараа бүхий хотгортой, цөлөрхөг, чулуу хайргархаг хөрс бүхий тэгш тал газар бөгөөд газарзүйн бүс, бүслүүрийн зүй тогтол богино зайд илэрдэг онцлогтой бүс нутаг юм. Шаргын хотгор нь урд талаараа Монгол Алтайн гол нуруу, баруун хойд, хойд талаараа Дарвийн нуруу, зүүн хойд талаараа Хасагт хайрхан түүний салбар уулсаар хүрээлэгдэх ба эдгээр уулсаас буусан сайруудаар хэрчигджээ. Ерөнхийдөө өргөрөгийн дагуу суналттай, баруунаас зүүн тийшээ 150-160км урт, хойноос урагш 70-80 км өргөн, нэлээд гүн хотойсон хотгор юм.
Шаргын хотгорт ихэвчлэн хужирлаг гадарга дээр тогтсон элс байх бөгөөд молцог, довцог элс голлоно. Уулнаас ихэвчлэн жижиг гол горхи эх аван урсах боловч хотгор руу урсан гармагц шингэж алга болно. Алтайн нурууны гол уулсаас эх аван урсах олон арван гол, булаг шанданд бөхөн, хар сүүлт ирж ундаална. Шаргын говь талдаа Тунгалаг, Төхөм, Өгөөмөр, Хүйсийн говь талдаа Шинэ ус, Задгай, Далан түрүү гэх зэрэг ундарга сайтай булгууд бий. Эдгээрийг түшиглэн айлууд тогтмол нутагладаг. Мөн Шаргын говьд Ихэс, Шарга зэрэг жижиг хэмжээний гүехэн, давсархаг нуурууд байдаг боловч эрдэсжилт ихтэй тул бөхөн ирж ундаалдаггүй байна. Их нууруудын хотгорт орших энэхүү Шаргын говьд хөрс, агаарын хуурайшилт ихтэй говийн шинж байдал ноёлдог. Энэ нь далай тэнгисээс алслагдсан Төв Азийн гүнд оршдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл баруун ба баруун хойд зүгээс ирэх Атлантын болон Умард мөсөн далайн чийглэг агаарын урсгал Европ, Азийн өргөн уудам нутгийг дайран өнгөрөхдөө чийгээ алдаж ирдэг байна.
Чийгийн хангамж бага байх нь ургамал ургах хугацаанд сөргөөр нөлөөлдөг. Шаргын говийн ургамалжилтын онцлог нь Их нууруудын хотгорын ургамалжилтын ерөнхий зүй тогтолтой төсөөтэй. Ургамлын бүлгэмдлүүд хотгорын доод хэсгээс зэргэлдээх уулс хүртэл өндөршлийн дагуу үелэн тогтсон байдаг. Шаргын говь, Манханы хэсэгт дэрсэн бударгана, улаан бударгана, давжаа заг, баглуур, хялгана, заримдаг сөөгөнцөр, сайрын хялгана, таана, хөмөл, шар бударгана, сухай, хармаг зэрэг ургамал зонхилон ургана.
Шаргын хотгорт Хүрэнгийн голын хөндий, Хатны худаг, Бага Дарви, Жаргалантын нурууны бэлд хар сүүлтийн сүргүүд байршдаг. Уг нутагт чоно, үнэг намар, хаврын улиралд гүйдлээр тохиолддог. Харин ууланд нь шилүүс, цоохор ирвэс бий. Махчин шувуудаас бүргэд, тас, цармын бүргэд, талын бүргэд тааралдана. Шарга-Манханы байгалийн нөөц газрын голлох амьтан нь Монгол бөхөн юм.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах