Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт орших Угтам уул нь Улз голын урд хэсгээр баруун өмнөөс зүүн хойшоо сунаж тогтсон. Баяндун сумын төвөөс зүүн тийш 30 орчим км зайд д.т.д 1210м өндөр орших уул юм. Монгол Улсын Улаан номонд орсон Монгол Дагуурын дархан газарт тархсан нэн ховор амьтан ургамалтай. 1993 онд УИХ-ын 83-р тогтоолоор “Байгалийн нөөц газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Угтамын нөөц газар нь 46200 га талбайтай.
Газарзүйн онцлог: Угтам уулын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь уул толгод, өндөрлөг газар бөгөөд нуга хөндий, хээр тал багахан газрыг эзэлнэ. Хамгийн нам дор газар нь Улз голын хөндий, хамгийн өндөрлөг цэг нь Угтам уул юм. Баруунаас зүүн тийш явах тусам газрын өндөршил аажмаар намсч гадаргын байдал ухаа толгодын шинжтэй болж тал газартай нийлнэ. Монголын нэлээд хойгуур өргөрөгт оршдог учраас усны баялаг харьцангуй нягт зэргээс шалтгаалан олон ам, хөндий, гуу жалгаар зүсэгдсэн хэрчигдэл ихтэй. Хар шороон хөрс, хар хүрэн нүүрс тархаж, уул толгодын бэлийн төгсгөлд, ам хөндийн ёроолд нугын ба нугат намгийн хөрс голчлон дайралдана. Баруун, Зүүн Сүүж, Аргалант, Жимгэр, Дангай, Дэл, Тавнан гэх мэтийн жижиг горхи бүхий олон хөндийтэй. Толь нуур, Хайрханы цагаан нуур, Өвгөдийн хар, Цагаан нуур зэрэг жижиг нуур тойром, Могойтын рашаан зэрэг усны баялагтай. Хамгийн том гол нь Улз гол бөгөөд Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эх авч Монгол Дагуурын нутгаар урсан улсын хил дайран Тарь нуурт цутгана.
Амьтан, ургамал: Угтам уулын БНГ нь амьтны аймгаар харьцангуй баялаг бөгөөд тал газрын ихэнх амьтад бий. Чоно, үнэг, шилүүс, хярс, мануул, дорго, илбэнх, тарвага, буга, бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахай зэргийн амьтад амьдардаг. 17 багийн 39 овгийн 133 зүйл шувуутай бөгөөд энд ховор шувуудаас дэлхийд нэн ховор олон улсын Улаан номд орсон 6 зүйл, Монгол Улсын Улаан номд орсон 10 зүйл шувуутай. Өмнөдийн дулаан орны шувууд Сибирь рүү нүүдэллэх замд буудаллан өнгөрдөг бүс учраас олон зүйл шувууг энд харах боломжтой. Угтам уулын байгалийн нөөц газарт 36 овогт хамаарах нийт 161 зүйлийн ургамал ургадаг. Ойн бүс тун бага бөгөөд хуурай хээр болон уулын хээрийн ургамал зонхилсон байдаг. Олон төрлийн жимс жимсгэнэ, ховор эмийн ургамлууд ургана.
Түүх дурсгал: Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд болон өнө эртний түүхэн дурсгалт газруудтай. Тогоонтөмөр хааныхан нутаглаж байсан бөгөөд тэр үеийн ордны суурь, эртний булш, Угтамын хийдийн туурь, Норовлингийн буган хөшөө, хиргисүүр зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс ихтэй. Угтамын хийдийн баруун хойно орших Угтам уул, Угтамын цагаан овоо, баруун талын Маналын овоо, Баруун Хөх чулуу, баруун урд байх Сандаг Балжир, Ум өндөр, Зүүн урд орших Мандал өндөр, зүүн хойд талын Толь өндөр, Эрээн Мандал, Зүүн Хөх чулуу уулсыг эрт үеэс уламжлан тахиж ирсэн. Богд хаант Монгол улсын үеэс хамгаалж ирсэн Баяндун, Хайрхан, Угтам, Бэрхийн цагаан овоонуудыг хүндэтгэн нутгийн иргэд 2 жилд нэг удаа тахиж улаан, цагаан идээг өргөдөг. Хайрхан уул, Угтамын Цагаан овоо уулыг зуны дунд сарын шинийн 15-нд тахидаг бөгөөд Дорнод аймгийн ИТХ-ын 2017 оны 10-р сарын 20-ний өдрийн ИТХ-аар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, аймгийн тахилгатай голоор Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг тодруулсан бөгөөд таван голын тахилгыг жил дараалан зохион байгуулахаар тогтжээ.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах