Намнан уул - Байгалийн нөөц газар

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгийн заагт оршдог. Намнан ууланд амьдардаг ховордож буй амьтан, ургамал, газарзүйн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалыг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор 296 кв.км талбайг “Байгалийн нөөц газар” зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтанд авсан. Намнангийн хүрээний туурь, Уйгарын үеийн томоохон хот болох Бийбулагийн туурь, Өндөр ухаагийн овоо зэрэг түүх соёлын дурсгалуудтай.
 
Газарзүйн онцлог: Баруун урдаас зүүн хойш сунаж тогтсон, д.т.д 2013 метр өргөгдсөн, битүү ой модоор хучигдсан, оройнууд нь бөмбөгөр, өвөр хажуу нь эгц, ар хажуу нь налуувтар уул юм. Уулсын хажуу нь нэлээд хэрчигдиж гурвалжин хэлбэрийн ам хөндийнүүдийг үүсгэсэн байдаг.
Эдгээр хажуугийн хөндийгөөс Ар ба Өвөр Шивэртийн гол, Хөндлөн булаг, Улаан толгойн булаг зэрэг хэд хэдэн жижиг гол горхи эх аван урсдаг. Мөн Намнан уулын өвөр хажуугаас Их, Бага Цагаан бургас, Дэцлэн, Ихт, Улиастай зэрэг олон жижиг гол горхи эх аван урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Намнан ууланд уулт хээрийн хар хүрэн, хар шороон хөрс, уулын тайгын ширэгт хөрс, оройгоор нь тайгын цэвдэгт хөрс тархсан байдаг.
 
Ургамал, амьтан: Улалж-алаг өвст шинэсэн ой, дээд хэсэгтээ хаг-хөвдөт шинэсэн ой, хуш-шинэсэн ой зонхилдог. Намнан уулын бүсэд нэн ховор болон ховордож буй 30 гаруй зүйл ургамал байдгаас гадна нэрс, үхрийн нүд, хад, алирс зэрэг ашигт ургамал элбэг ургадаг. Буга, бор гөрөөс, гахай, хүдэр зэрэг хөхтөн амьтад сойр, ятуу, хөтүү зэрэг шувуудтай.