Дорнод Монголын Дархан цаазат газар

Дорнод Монголын ДЦГ нь Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутгийг хамарсан 589905.53 га талбайтай. Улсын хилийн дагуу баруунаас зүүн тийш ойролцоогоор 183 км сунаж байрласан. ДЦГ-ын хилийн нийт урт 477 км, үүнээс 213 км нь улсын хилтэй давхацдаг. Дорнод Монголын харьцангуй унаган төрхөөрөө хадгалан үлдсэн хялганат хуурай хээрийн ландшафт болон цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор 1992 онд УБХ-ын 11 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авч 1993 оны УИХ-ын 28-р тогтоолоор Дорнод Монголын дархан цаазат газрыг байгуулсан.

Дорнод Монголын ДЦГ нь дэлхийд унаган байдлаа хадгалан үлдсэн хялганат тал хээрийн төлөөлөл, цагаан зээрийн амьдрах орчин болдогийн хувьд 2005 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн “Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ (МАВ)”-нд бүртгэгдсэн байна. ЮНЕСКО нь дэлхийн бүс нутгуудын экологийн тэнцвэрийг хадгалахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой тусгай хамгаалалттай газруудыг олон улсын хүн ба шим мандлын нөөц газрын жагсаалтад хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлуудыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг байгууллага юм.

Газар зүйн онцлог: Тэгш тал ховор, бэсрэг нам уулс, ухаа толгод, гүвээ тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг бөгөөд хамгийн өндөрлөг цэг нь д.т.д 1099м өндөр Вангийн цагаан уул юм. Хамгийн нам дор цэг нь Лагийн хоолойн урд хэсэг ба 709 метр болно. Халтарын говьд цөөн тооны шорвог жижиг нуур, тойром булаг шанд байдгаас өөр энд томоохон гол мөрөн нуур байхгүй. Нийт 20 орчим булаг шандтай. Дорнод Монголын ДЦГ-ын хилийн цэсийг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолын II хавсралтанд дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

  • Баруун захын цэг: Буйлст хар толгой (З.У 116 °6'5, X.Ө 46°28'29)
  • Зүүн захын цэг: Ембүү толгой (З.У 118°27’48, X.Ө 46°44'24)
  • Өмнөд захын цэг: (З.У 116°21'38, Х.Ө 46°4’40)
  • Хойд захын цэг:  (3.У 118°15' 5, Х.Ө 46°52'13)

 

Геологийн бүтэц: Дорнод Монголын ДЦГ тектоникийн мужлалаар калериод, уул үүслийн нэгдэлд хамаарна. Дорнод Монголын ДЦГ-ын нутагт байгаа уулс нь дунд эрт төрмөлийн боржин чулуулгийн, дээд эрт төрмөлийн галт уулын болон молассын үе шатанд үүссэн байна. Геологийн тогтоцоор нь авч үзвэл триасын ба юрийн систем, цэрдийн болон анх төрмөл, пермийн галавын үеийн нэгдлүүдээс бүрдэнэ. Чулуулгийн хувьд боржин, гүний чулуулаг, галт уулын бялхмал чулуулаг, шохойн чулуу,  элсэн чулуулагтай. Тамсагбулагийн сав газарт газрын тос, алт мөнгө, Булангийн хоолойд чулуун нүүрс, Модот овоо, Тосон толгой орчимд бал чулуу, сурьма зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Эдгээрээс Булангийн хоолойн нүүрсний орд нь ДЦГ-ын хилийн дотор байдаг.

Хөрсөн бүрхэвч: Дорнод Монголын ДЦГ-т хуурай хээрийн ба цөлжүү хээрийн нунтаг карбонатлаг хар хүрэн, хүрэн, нам уул, ухаа толгодын нунтаг карбонатлаг, хүрэн хөрс зонхилно. Цагаан уулын орчимд багахан газарт нунтаг карбонатлаг нимгэн хар шороон хөрс тохиолдоно.

Ургамалжилт: Ургамалжилтын хувьд Монголын хуурай хээрийн тойрогт хамаарагддаг. Дорнод Монголын ДЦГ-ын хэмжээнд 539 зүйл гуурс ургамал бүртгэгдсэний дотор 60 зүйл модлог ба сөөглөг, 479 зүйл өвслөг ургамал байна. Эдгээрийн дотор 4 зүйл унаган ургамал, 9 зүйл завсрын унаган ургамал, нэн ховор 10 зүйл, ховор 8 зүйл, эмийн 18 зүйл, ашигт 7 зүйлийн ургамал бүртгэгджээ. Ургамлын бүрхэвчид хялганат, хазаар өвс-хялганат, агь-хялганат, хиаг-хялганат хээр зонхилохын зэрэгцээ зарим нутагт харгана-хялганат хээр нэлээд тархсан байдаг. Сибирь хялгана, Крыловын хялгана, хиаг, дэрвээн хазаар өвс, саман дурваа, сунагар биелэг, баллисийн ботууль, саман ерхөг зэрэг үет ургамлууд байдаг.

Хөхтөн амьтан: Дорнод Монголын ДЦГ нь тал хээрийн экосистемийн амьтны зүйлийн бүрдлээр баялаг бөгөөд хөхтөн амьтны 6 баг, 13 овог, 21 төрөлд хамаарах 25 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 15 зүйл нь элбэг, 10 зүйл нь ховор амьтан байна. 10 зүйл мэрэгч, 9 зүйл махчин, 2 зүйл салаа туурайтан, 2 зүйл туулай хэлбэртэн тэмдэглэгджээ. Дархан газрын нутагт дагуур огдой, дагуур зараа, бор туулай, чоно, үнэг, хярс, дорго, цагаан зээр зэрэг амьтад элбэг тохиолдоно. Монгол Улсын Улаан номонд орсон хөхтөн амьтдаас дагуур зараа (Erinaceus daurica), дорнодын сармаахай (Vespertilio superans) зэрэг зүйлүүд тархсан байна.

Дорнод Монголын ДЦГ-ын хөхтөн амьтны гол зүйл нь цагаан зээр юм. Төмөр зам тавигдахаас өмнө Монгол орны баруун болон төвийн хээрийн бүсэд цагаан зээр өргөн тархалттай байсан бол одоогийн байдлаар цагаан зээрийн нутагладаг гол газар нь Дорнод Монголын тал болоод байна. Дорнод Монголын ДЦГ-т нийт 2 зүйл хоёр нутагтан, 5 зүйл мөлхөгч тэмдэглэгдсэн байна. Эдгээрээс дорнодын мэлхий (Rana chensinensis) Монгол Улсын Улаан номонд орсон.

Шувууны зүйл: Дорнод Монголын ДЦГ-т 15 баг, 32 овог, 98 төрөлд хамрах 174 зүйл шувуу бүртгэгдээд байгаагийн 26 зүйл нь суурин, 149 зүйл нь нүүдлийн шувуу бөгөөд 102 зүйл нь өндөглөн зусдаг, 66 зүйл нь дайрч өнгөрдөг, 1 зүйл нь тохиолдлоор хааяа орж ирдэг, 5 зүйл нь өвөл ирж өвөлждөг, 2 зүйл нь тухайн нутагт өндөглөдөг эсэх одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Нэн ховор, ховор амьтны жагсаалтанд орсон нийт 8 зүйл байгаа ба үүнээс Монголын Улаан номонд 1997 онд бүртгэгдсэн 6 зүйл байна. Шилийн сар (Buteo hemilasius), талын бүргэд (Aquila rарах), дорнодын хиазат (Charadrius vеrеdus), монгол болжмор (Melanocorypha mongolica) зэрэг жинхэнэ тал хээрийн шувууд байхаас гадна зарим ус, намаг, ойн шувуу тархсан. Мөн усны бүх шувуу (Botaurus stellaris), хошуу галуу (Cygnopsis cygnoidis), амарын шонхор (Falco amurensis), азийн цууцаль (Limnodromus semipalmatus) зэрэг ховор шувууд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах