Увс нуурын ай савын Дархан цаазат газар

Увс нуурын ай савын "дархан цаазат газар" дараах дэд хэсгүүдээс бүрддэг.

  • Тэс, Давст, Малчин, Наранбулаг, Тариалан сумдын нутагт орших Увс нуурын;
  • Баруунтуруун суманд орших Алтан элсний;
  • Сагил сумын нутаг дахь Цагаан шувуутын;
  • Түргэн, Тариалан, Бөхмөрөн, Ховд сумын нутагт орших Түргэн уулын.

 

Увс нуур, Бөөрөг дэлийн элс нь Төв Азийн говь цөлийн тархалтын хойд хил болж, цөлийн гандуу хуурай орчинтой зэрэгцэн орших нуур ус бүхий экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг. Увс нуур, Түргэний уулс, Цагаан шувуут уул, Торхилог Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин нь байгалийн хувьд ялгаатай боловч бие биенээсэээ төдийлөн алслагдаагүй учир тус бүрийг хэсэгчлэн хамгаалж Увс нуурын ай савын дархан цаазат газрыг байгуулж 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Говь, цөлөрхөг хээр, хээр тал, ойт хээр, уул нуруу, мөнх цас, мөсөн гол зэрэг дэлхийн байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан  Увс нуурын ай сав нь эргэн тойрон усаар хүрээлэгдсэн байдаг. Увс нуур нь Монголын хамгийн том давст нуур бөгөөд усны төвшин нь далайн төвшнөөс дээш 759 метр өргөгдсөн, Их нууруудын хотгорын хамгийн нам дор газар юм. Монгол орны гандуу бүсэд оршдог нуурын экосистем, ус намгархаг газрын онцлог, эргэн тойрны цөлийн ландшафт, заримдаг цөлийн нөхцөл нуур устай зэрэгцэн орших экологийн өвөрмөц орчин, ус намгийн шувуудын амьдрал, биологийн төрөл зүйл зэргийг хамгаалах зорилгоор хамгаалалтад авчээ.

Увс нуурын урт нь 84 км, өргөн нь 79 км, гүн нь 10-20 метр байдаг. Монгол орны хамгийн том талбайтай, гадагшаа урсгалгүй, давстай, тогтмол нуур юм. Далайн давснаас тав дахин их давстай нуур хэмээдэг. Увс нууранд Тэс, Нарийн, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн зэрэг 38 гол горхи цутгана. Алтайн сугас, эрээн жараа зэрэг загастай. Увс нуурын эрэг хөвөөнд зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас улиас зэрэг ургамал мод, түүний цутгал голуудын ай сав дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. 245 зүйл шувууд Увс нуурын ай савд бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.

Нуурын зүүн ба зүүн өмнө эрэгт Бөөрөг дэлийн элсний манханууд тулсан байдаг. Нуурын бусад хэсэгт чулуурхаг сайр, эртний нуурын хурдас түгээмэл тархсан. Булнайн нурууны араас эх авч урсдаг Тэс гол Увс нуурт цутгадаг бөгөөд голын адаг хэсэгтээ олон салаалж тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц байгалийн үзэсгэлэнг бүрдүүлдэг. Тэс голын тэрхүү өвөрмөц орчинг Увс нуурын ай савд хамтатган улсын тусгай хамгаалалтанд авсан нь байгаль хамгааллын чухал ач холбогдолтой юм. Мөн Ханхөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглаж байгаль өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдлыг бий болгодог.

АЛТАН ЭЛСНИЙ ДЦГ: Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт, Монгол орны хамгийн томоохон элсэн тарамцаг болох Бөөрөг Дэл элсний зүүн хэсгийг хамран оршдог. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг уст гол горхи, булаг шанд, баян бүрдүүд, элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автагдаагүй унаган байгалийг нь хадгалж хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтан элсний дархан газрын талбай 151224 га бөгөөд үүний 148167 га талбайг ХАА-н эдэлбэр газар, 590 га газрыг ой мод, 2467 га нутгийг усан сан эзэлдэг.

Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуурын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Алтан элс нь дов толгодлог гадаргатай ба үүнийг элсний зүүн хэсэгт элсэн дунд орших Эрдэнэ толгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс гэрчилнэ. Кайнозойн үеийн тунамал, хувирмал хурдас чулуулаг тохиолдоно. Нутгийн зүүн хэсэгт дунд дөрөвдөгчийн үеийн хөндийн үйрдэс хайрга, хүйрмэг, бул чулуу бүхий элс, нуурын мөстлөгийн элс, алеврит, шавар, элсэнцэр зэрэг хурдас, чулуулаг тохиолддог. Мөн плеоцины доод, дунд үеийн ногоовтор улаавтар саарал өнгийн шавар, шохой, миоцены үеийн шүлтлэгдүү хүрэм, ногоон саарал, алаг, улаан өнгийн шавар, хүйрмэг хайрга, бул чулуу бүхий элс зонхилдог.

Алтан элс нь Бөөрөг дэлийн элсэнд оршдог. Сул ширэгжсэн болон нүцгэн элс зонхилж, захаар нь сулавтар элсэн хөрс тааралдах ба тэдгээрт хөрсний үе давхарга илэрдэггүй. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний урд хаяа дагуу хэсэгхэн газарт шинэс (larix) ургадаг. Мөн өлөн, шаваг, харгана, ботууль, хялгана, агь, ганга, алтан харгана, суль, улиас, хус, чацаргана, тошлой, бургас ургадаг.

Алтан элсний дархан газар нь бор гөрөөс, саарал чоно, шар үнэг, өмхий хүрэн, шар чичүүл, атигдаахай, азийн шар минж, монгол тарвага, бор туулай, мануул мий, суусар, бор туулай зэрэг олон зүйл амьтантай. Тоодог, хар хэрээ, хүрэн бүргэд, алаг шаазгай, дагуурын ятуу, тас, болжморын овгийн олон зүйлийн шувууд нутагладаг. Дөрөө нуурт алтайн сугас, монгол хадран зэрэг загастай. Тус дархан газрын Нисэхийн булан орчмоор Монгол орны нэн ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн Азийн минж амьдардаг.

ЦАГААН ШУВУУТЫН ДЦГ: Увс нуурын ай савын өндөр уулын нуга, уулын хээрийн онцлогийг төлөөлөх Цагаан шувуут уул нь Увс нуур, Үүрэг нуурын усан хагалбарт зүүн хойноосоо баруун урагш сунаж тогтсон байршилтай. Увс нуурын хотгорт орших өндөр уулын томоохон төлөөлөл Цагаан шувуут уулын байгалийн унаган төрх, биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор Увс нуурын ай савын дархан цаазат газрын кластер болгон тусгай хамгаалалтад авсан байна. Цагаан шувуут уул нь хэрчигдэл ихтэй шовх хянга хяр, хад асга бүхий эгц хажуутай, д.т.д 3000 гаруй метр өргөгдсөн, өндөр уулын нуга, уулын хээрийн өвөрмөц орчныг төлөөлж өндөр уулын ховор, ховордсон амьтан шивээлэн орших өвөрмөц сонин тогтоц, байгалийн үзэсгэлэн бүхий газар юм.

ТҮРГЭН УУЛЫН ДЦГ: Түргэний уулсад уулын тундр, ой, тайга, уулын хээр зэрэг байгалийн олон бүс бүслүүр тохиолдох бөгөөд мөнх цас, мөсөн гол, тэдгээрийн усан хүрхрээ, мөсөн тогоо, агуй, хад цохио бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой газар. Түргэний уулын кластер нь 145100 га талбай эзэлнэ. Түргэний уул нь мөнх цас, мөсөн голууд элбэгтэй бөгөөд нийтдээ 104 кв.км буюу Монгол орны уулсын мөстлөгийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг. Түргэний уулсаас Хархираа, Түргэн, Ямаат гол эх авч урсдаг бөгөөд голын хөндийнүүд ихэвчлэн нарийхан хавцлууд, тэвшин хөндий үүсгэсэн байдаг нь нэн сонирхолтой. Түргэний уулын бүс нь хад асга чулуу ихтэй, эгц цавчим хажуутай бөгөөд хормой бэлээрээ цөлжсөн байдаг нь Үүрэг, Ачит нуурын цөлжсөн хотгорын нөлөө хэмээн үздэг.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах