Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 км урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгал экологид сөрөг нөлөөтэй ажээ.Өвгөн хад: Тэрхийн цагаан нуурын зүүн эрэгт байрлах нуур руу түрж орсон өвөрмөц хэлбэртэй хад байдгийг нутгийн ардууд “Өвгөн хад” хэмээн нэрлэдэг. Холоос харахад сууж байгаа өвгөн хүний дүрстэй харагддаг тул ийнхүү нэрлэжээ. Энэ хаданд хүүхэд багачууд тоглох дуртай байдаг. Олон хүүхэд тоглодог хэдий ч нэг ч хүүхэд бэртэж гэмтэж байгаагүй тийм ээлтэй хад хэмээн нутгийнхан бэлгэшээн ярьдаг байна.