Сүхбаатар аймгийн
Дарьганга БЦГ-ын нутаг дэвсгэрт орших Монгол Улсын их тахилгат дөрвөн уулын нэг.
Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг дарьгангачуудын шүтэн биширдэг уул бөгөөд
“Дарь-Овоо” ч гэж нэрлэгддэг. Далайн түвшнээс дээш 1354м өндөрт өргөгдсөн эртний сөнөсөн галт уулсын нэг юм. Судлаачдын үзсэнээр,
Дарь уул нь галт уулын оргилолтын хүчтэй дэлбэрэлтээс үүсч тогтсон ажээ. Дарь овооноос урагш орших уул тал, элсэн манханаар хүрээлэгдсэн тунгалаг уст
Ганга нууртай байгаль дэлхийн хүйн холбоотой хэмээн үзэж энэ хавийн газрыг
“Дарьганга” хэмээн нэрлэсэн гэдэг.
Дарь уул нь зах хязгаар нутагтаа илүү өндөр учраас “Захын хар өндөр” ч гэж нэрлэгдэж байв. XYII зууны үед Дарь уулын орой дээр алтан ганжирт “Батцагаан” хэмээх овоо босгосноос хойш “Алтан Дарь овоо” гэх болсон байна. Байгалийн үзэсгэлэнг дархлах, газар шороогоо хайрлан хамгаалах, хүн ардынхаа сайхан сэтгэл, бат бөх нөхөрлөлийг бэлгэдэж “Батцагаан” хэмээн нэрлэжээ.
Манжийн хааны зарлигаар Дарь овоог жил бүрийн хаврын эхэн сар, зуны дунд сард тахидаг байв. 1913 оноос эхлэн Богд хааны зарлигаар намрын дунд сарын 12-нд Алтан Дарь овооны тахилгыг үйлдэж эхэлсэн байна. 1935 оноос хойш 50 гаруй жилийн турш овооны тахилга зогссон бөгөөд 1990 оноос дахин сэргэж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 57 дугаар зарлигаар Төрийн тахилгат овоо болгожээ. Эдүгээ Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг бөгөөд 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна. Эдүгээ дотоодын аялагч жуулчдын зорин ирдэг чухал газруудын нэг болсон.
Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарс өргөж, арц хүжээр аравнайлдаг. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг "сорогшин" хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавьж авчээ. Сорогшингийн мод нь мөнх ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.