Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт баруун зүгээс орж ирсэн нарийвтар хоолойг Хядаг гэж нэрлэнэ. Энд 5 буган хөшөө байдаг.
Нэгдүгээр буган хөшөө: Бусад буган хөшөө бүхий булшнаас зүүн тийш 15 метрийн зайд нэгэн булшны голд босгосон ба ягаавтар өнгийн бүдүүн ширхэгтэй боржин чулууг засаж, нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, түүнээс доогуур олон жижиг хонхорыг нэгэн эгнээ жишүү дүрсэлж, хөшөөний төв хэсэгт туурайн дүрс бүхий тамга, бас өөр 2 тамга сийлээд, доогуур нь нарийн бүс дүрсэлж, түүний доор толгойгоор нь хөшөөний орой руу хандуулан 2 адуу сийлжээ. Хөшөөний арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, доогуур нь бүс гаргасан байх ба бусад сийлбэр нь элэгдэн арилжээ. Хөшөө 2 м өндөр, 0.35 м өргөн, 0.23 м зузаантай.
Хоёрдугаар буган хөшөө: Нэгдүгээр буган хөшөөнөөс баруун тийш 15 метрт нэгэн дөрвөлжин булшны бүрэлдэхүүнд 4 буган хөшөө байгаагийн хамгийн зүүн урдах нь болой. Хөшөөг улаан ягаан бүдүүн ширхэгтэй боржин чулуугаар үйлдэж нүүрэн талын дээд хэсэгт нар, түүнээс доогуур олон жижиг хонхорыг нэгэн эгнээ ташуу гаргаж, хөшөөний гол хэсэгт хэдэн буга дүрсэлсний хамгийн доод талд ганц буга мэдэгдэх ба бусад нь нэлээд эвдэрч гэмтжээ. Бугын доогуур хөшөөг тойруулан хөрөөний шүдэрхүү хээтэй өргөн бүс татаж түүнээсээ зүүсэн байдалтай чинжал хутга, саадаг дүрсэлжээ. Зүүн хажуугийн нарийн хавтгайн төв хэсэгт бүснээс зүүсэн байдалтай сүх, билүү дүрсэлсэн нь тод мэдэгдэнэ. Хөшөө бүснээсээ дээш ихэд эвдэрч элэгдсэн байна. Хөшөө 2.75 м өндөр, оройгоороо 0.3 м, сууриараа 3.2 м өргөн, 0.3 м зузаантай.
Гуравдугаар буган хөшөө: Хоёрдугаар хөшөөнөөс хойш 5 м зайд орших бөгөөд түүнийг улбар ягаан өнгийн боржин чулуугаар үйлдэж хөшөөний нүүрэн ба ар талын хавтгайд тус бүр нэг нар дүрсэлж, түүний доогуур нэгэн эгнээ олон жижиг хонхор гаргажээ. Зүүн талын хавтгайд сийлсэн хонхорууд нь мэдэгдэхээ больж, хөшөөний нүүрэн талын доогуур 2 эгнээ нарийн зураасаар бүс гаргасан байна. Хөшөөний бусад сийлбэрүүд элэгдэн эвдэрчээ. Хөшөө нь 1.1 м өндөр, 0.35 м өргөн, 0.2 м зузаантай.
Дөрөвдүгээр буган хөшөө: Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүнтэй 3 метрийн зайд орших бөгөөд түүнийг улбар ягаан өнгийн боржин чулуугаар үйлдэж хөшөөний оройн хэсгийн нүүрэн хийгээд ар талд тус бүр нэг нар, зүүн хажууд нэг буга, баруун хажууд зэрэгцээ 3 урт нарийн зураасыг жишүү дүрсэлжээ. Үүний доогуур нэг эгнээ 31 хонхор гаргаж хөшөөг тойруулсан ба төв хэсгээр эргэн тойрон ороолгож 11 бугыг загварчлан дүрслээд доогуур нь хөрөөний ир мэт хээтэй өргөн бүс татжээ. Хөшөө 1.5 м өндөр, дээгүүрээ 0.5 м, доогуураа 0.4 м өргөн, 0.35 м зузаантай.
Тавдугаар буган хөшөө: Гуравдугаар буган хөшөөний зүүн талд 3 м зайтай орших ба түүнийг цагаан саарал өнгийн гантиг чулуугаар үйлдэж баруун хажуугийн дээд талд зэрэгцээ 3 зураас жишүү гаргаж хөшөөний арын хавтгайн дээд талд нар дүрслээд эдгээр дүрсний доогуур нэг эгнээ 14 хонхор гарган хөшөөг ороолгож мөн 2 нарийн зураасаар бүс татаж гаргажээ. Хөшөөний их биений 4 тал тус бүрд нэг бугыг загварчлан дүрслэхдээ хошуугаар нь хөшөөний орой руу ташуу хандуулсан байдаг. Хөшөө 0.9 м өндөр, 0.4 м өргөн, 0.2 м зузаантай.