Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Монгол улсын хэмжээнд томоороо тавдугаарт ордог нуур. Талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 113 километр. Ус хураах талбай 20200 хавтгай дөрвөлжин километр. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно.
Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм. Нуурын усанд гидрокарбонат, хлорид натри, кальц зэрэг элемент зонхилно. Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. 6 овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий. Мөн зөвхөн энэ нууранд л байх “Улаан ном”-нд л бүртгэгдсэн “Леандер 1778” хавч амьдардаг.
Буйр нуурын тухай домог: Үзэсгэлэнт сайхан Хөлөнбуйр бол харсан, сонссон бүхний бахархал болсон газар юм. Мэлмэлзэн долгиолох Хөлөн далай, сөхийн сүндэрлэх Хянган даваа, цэцэг нь алагласан өргөн уудам хөдөө тал гээд сэтгэлээс уяатай нутаг юм. Энэ сайхан нутгийн тухай нэгэн домог бий. Эрт урьд цагт саруул талын дэнжид сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэ аймагт гоо үзэсгэлэнгээрээ цэцэг ичээж, гоолиг нуруугаараа хус атаархуулам Хөлөн нэрт охин болон уул шиг сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай Буйр нэрт сайхан залуу аж төрөн суудаг байжээ. Хөлөн, Буйр хоёр нутаг нугынхаа дунд таван хошуу малаа хариулж, тараг, айргаа бүлж, тав тухтай, эрх дураараа аж төрөн амьдарсаар иржээ. Гэвч гай газар дороос, гахай модон дотроос гэгчээр нэгэн өдөр 15 толгойтой атгаалжин хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт нь ирээд Хөлөн охиныг булаан авч гол мөрнийг нь ширгэтэл соров гэнэ. Ийнхүү мангасын явсан газар бүхэнд нь өвс ногоо ургахаа больж, хүн малтайгаа эцэж хатаж үхэхийн ирмэгт тулж гэнэ. Буйр хүү ажнай хурдан хүлгээ унаж, алд дэлэм илдээ агсаад, агаар огторгуйд дүүлэн дүүлсээр аюулт мангасыг дарж ар нутгаа чөлөөлөн, хорт мангасыг дарж хонгор Хөлөнгөө аврахаар морджээ. Харвасан сум шиг хурдалж, хальсан бүргэд шиг нисэж, наран ургахаас наран шингэтэл, хавраас намар, өвлөөс зун хүртэл давхиулан мангасыг нэхжээ. Тэгээд нэг өдөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг нь аваад хонгор хүлгийнхээ өвс зулгаах завсар дугхийж авав. Тэрхэн зуурт хайртай бүсгүй Хөлөн нь зүүд нойронд нь үзэгдэж мангасын сүрээс үл сүрдэн үзэлцэж байна гэнэ. Мангас уурлахын ихээр уурлаж, хилэгнэхийн ихээр хилэгнэн Хөлөн охиныг сараалан цэцэг болгон хувиргаад галаар төөнөж үйлийг нь үзэн зовоож байна гэнэ. Буйр залуу нойрноос сэрж сараалан цэцэг болж хувирсан Хөлөн охиныг олоод амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр асгахад цэцэг тэр даруй Хөлөн охин болон хувирав гэнэ. Гэтэл мангас үүнийг мэдээд Хөлөн охиныг дахин булаагаад оджээ. Буйр араас нь ахин хэдэн өдөр нэхэж олоод арга ухаан сүвэгчилж мангасын толгойд шигтгэсэн эрдэнийн сувдыг шүүрэн авч амийг нь тасалж мангасыг дарсан боловч булаагдаад явсан Хөлөн охиноо хаанаас ч эрээд олсонгүй гэнэ. Мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналан явтал хүмүүс Хөлөн охин мангасын дарлалыг эс тэвчиж нуур болон хувирсан тухай хэлж гэнэ. Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна хэмээн нуур руу үсрэн оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон нь Буйр нуур хэмээн нэрлэгдэх болсон аж.
Газар тариалангийн нутаг байсан нь: Чингис хаан Буйр нуурын орчим ус чийг ихтэй, үржил шим сайтай тул тариалангийн газар болгох талаар зарлиг буулгаж байсан, Буйр нуур хавийн газар нутагт XII-XIII зууны эхэнд тариалан эрхэлж байсан талаар түүхийн баримт мэдээнд тэмдэглэгдэн үлджээ. 1202 оны нохой жилд Тэмүүжин (Елигүэн) Эргүнэ-өргөнө гол хавьд байлдаан хийж явахдаа Хонгирад аймгийн Гүлэр Өндүрхин нарт “Зах зүрхийг хуваан хүргэсэн нь Гүлэр Өндүрхин, Анчин, жич Хасарт өгч тариалангийн газар болгож, Анчинд давтан ухуулсан нь Хэмүр өндүр (Хамар даваа) Дала наур (Далай нуур), Тимигэр, Гэмэгэн хээх, Халх гол зэргийн газарт чи суугтан” гэжээ. Буйр нуур хавьд тариалангийн ажилтай хүн ам түүнээс өмнө ч байснаас Тэмүжин тэр газрыг тариалангийн газар болгожээ.
Түүнээс хориод жилийн дараа үүгээр явсан Хятадын эрдэмтэн Чан Чүний замын тэмдэглэлд 3-р сарын 1-ний өдөр элсэн зурвасыг гэтлээд бу-юй-р (Буйр) нуурт ирж хүн амьтантай уулзалдаж, олон хүн ард нь тариалангийн ажил эрхэлж байсныг үзсэнээ бичжээ. Энэ нь 1202 оны үеийн тариалангийн ажлын үргэлжлэл байв. 1223 онд Буйр нуурыг дайрч Хятадаас Монголд ирсэн Чан Чүний тэмдэглэлд Буйр хавийн хүн ардын дийлэнх нь тариа тарьдаг байсныг үзжээ. 1295 онд Татаар аймагт тариа боловсорсонгүй, өлсгөлөн, ховор жил болж нэг сая хэлхээ цаасан мөнгө, торгыг Юань улсын хааны сангаас олгосноос үзвэл Буйр нуурын тариалан нь XIV зууны эхэн хүртэл байсан бөгөөд тэндэхийн хүн амын амьдралд их үүрэгтэй байсан бололтой. Тэр олон мянган тэмдэгт цаасыг авч оронд нь тариачин Татаар нарт хэрэгцээт зүйлийг нь өгдөг нэлээд том худалдааны суурин газрууд Монгол, тухайлбал Буйр нуур хавь түүний залгаа нутагт байсны гэрч юм.
Дээр дурдсан баримтаас үзэхэд Монголын эртний өсгөвөр ургамал нь шар будаа байсан бөгөөд одоо ч гэсэн эх байдлаар тохиолдож буй төрлөөр үүссэн шүхэр будаа элбэг тохиолддог. Тэр үеийн цаг агаарын таатай нөхцөл шүхэр ба толгойт будааны өсгөвөрийн төрлөөс эх авсан нутгийн бэлэн үр тариаг ашиглаж байв. Хожим Хятадын түүх сударт үүнийг "бүдүүлэг" хэмээн бичсэн нь өмнөдийн нөлөөгүйгээр Монголд газар тариалан үүссэний нотолгоо юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах