Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн нутагт байгалийн өвөрмөц тогтоц бүхий улаан шаргал өнгийн шаварлаг улаан уулыг нутгийнхан Морин толгойн цав гэдэг. Өргөрөгийн дагуу сунаж ойролцоогоор 5 орчим километр үргэлжлэн тогтсон. Эртний далайн ёроолын үлдэгдэл ажээ. Баруун хойд талаараа Өөш манхан, зүүн хойд талаараа Загийн усны бүлэг загтай зэрэгцэн орших бөгөөд урд хэсгээрээ эгц талтай.
Энэхүү Морин толгойн цавын тухай ийм нэгэн домог буй. Нутгийн хэсэг ноёд өөрийн хошууны шилийн сайн эрийг морин чинээ молор эрдэнэ олж ир хэмээн явуулжээ. Олж иртэл олон хүн булаалдан тэмцэлджээ. Сайн эрийг алах гэж завдан шархдуулсан тул молор эрдэнийг нууж амжжээ. Тэр сайн эрийг Сайнзаяа гэх бөгөөд сэтгэлт бүсгүй нь Нарангэрэлт хэмээх үзэсгэлэн төгс авхай байжээ. Молор эрдэнийг авах гэж шунасан эргэн тойрны ноёд зарц нарын тэмцэл дунд сэтгэлт хоёр амь үрэгдэж молор эрдэнэ хаана нуусан нь мэдэгдэлгүй өнгөрчээ. Тэр цагаас хойш энэ нутгийн ард түмэн морины толгойн чинээн том молор эрдэнэ мөнхөд хадгалсан хэмээн энэ газрыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн бөгөөд энэ молор эрдэнэ байгаа цагт бид сайн сайхан амьдарна хэмээн итгэж Морин толгойн цав гэж нэрлэжээ.
Эх сурвалж: Ч.Буянбадрах Монгол орны лавлах