Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багийн нутаг дэвсгэрт орших Ширийн чулуу нь нийт 50000 хавтгай дөрвөлжин метр талбай эзэлдэг бөгөөд хад асга бүхий газар юм. Эртний Хүннүгийн үеийн булш хиргисүүр хадны ан цав, хадны агуйд хадгалагдан үлдсэн байдаг. Эдгээр сонин тогтоц бүхий хад асган дундаас Сэнжит хад хэмээн нэрлэгдсэн өвөрмөц тогтоц бүхий хад байх бөгөөд аялагч жуулчдын сонирхлыг татаж улмаар НҮБ-ын Соёлын сангийн байгалийн сонин тогтоц бүхий фото зургийн сан хөмрөгт бүртгэгдсэн байдаг. Сэнжит хадны сэнжин хэсгийн диаметр нь нарийн хэсэгтээ 1 метр, өргөн хэсэгтээ 1.5-2 метр бөгөөд Монголын хадны тогтоц дотор хамгийн том сэнжит хадаар бүртгэгджээ. 1999 онд орон нутгийн хамгаалалтанд авсан байна.