Арван наймын богд уул

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байдаг Арван наймын Богд уул нь далайн төвшнөөс дээш 1300 метр өргөгдсөн бөгөөд хайрханы орой сэтэрхий мэт харагддаг. Домогт өгүүлснээр, Их эзэн Чингис хаан Хатанбулаг сумын Эргэлийн зоон дээрээс харваж сэтэлсэн гэх бөгөөд тэр сэтэрсэн орой нь энэ уулын ард тогтсон гэдэг. Тэрхүү тогтсон уулыг Товх гэх бөгөөд нутгийн хүмүүс дэргэд нь нэрийг нь хэлэхийг цээрлэсээр иржээ. Цааш цацагдсан шороо нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх Тоодог, Тогоруут гэдэг газрууд ажээ. Арван наймын Богд ууланд аргаль, янгир, түүний орчинд хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн, үнэг, хярс, чоно зэрэг бусад агнуурын амьтад бий.

 

Манжийн үед элч төлөөлөгч нарын авч яваа албан бичгийг яаралтай нэвтрүүлэн зохих газарт нь хүргэх зориулалттай цэрэгжүүлсэн морин өртөөг манж нар XYIII зууны эхэн үед байгуулж мөн зууны сүүлчээр дуусгасан гэдэг. Морин өртөө нь Бээжингээс Өвөр Монгол, Ар Монгол, Баруун хязгаар зэрэг монголчуудын нутагладаг байсан гол зангилаа газруудтай холбогддог байсан байна. Мөн “Буухиа өртөө” гэж нэрлэгддэг байсан ба Бээжингээс Харчины нутгаар 36 өртөө дамжаад Улиастай хүрэх замд 72 суурь байсны 8 суурийг хятадууд, дараачийн 8 суурийг цахарууд залгуулдаг байжээ. Харчины гэх 36 өртөөний 18 дахь өртөө нь Арван наймын Богд уулын хавьд байсан гэдэг.