Увс аймгийн Сагил сумын нутагт орших Цагаан шувуут уул нь Увс нуурын ай савын өндөр уулын нуга, уулын хээрийн онцлогийг төлөөлдөг бөгөөд Увс нуурын хотгорт Үүрэг нуур болон Увс нуурыг зааглан усан сангийн хагалбар болж зүүн хойноос баруун урагш сунаж тогтсон байдаг. Нийт 22 мянган га талбайтай, далайн төвшнөөс дээш 3496 метр өндөр. Цагаан шувуут уулын байгалийн унаган төрх, 72 зүйл амьтан бүхий биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор Увс нуурын ай савын Дархан цаазат газрын кластер болгон тусгай хамгаалалтад авсан байна. Цагаан шувуут уул нь хэрчигдэл ихтэй шовх хянга хяр, хад асга бүхий эгц хажуутай, д.т.д 3000 гаруй метр өргөгдсөн, өндөр уулын нуга, уулын хээрийн өвөрмөц орчныг төлөөлж өндөр уулын ховор, ховордсон амьтан шивээлэн орших өвөрмөц сонин тогтоц, байгалийн үзэсгэлэн бүхий газар юм.