Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт, Үенч сумын төвөөс 25 км зайд Ямаан усаны хавцал оршдог. Тус хавцал хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан бөгөөд дундуур нь горхи урсдаг. Янгир ямаа ирж тэр горхиноос ундаалдаг тул Ямаан ус гэж нэрлэгдэх болжээ. Зүүн талын 10 орчим метр өндөр хадан хананд түүхийн өөр өөр цаг үед хамаарах, хэдэн зуугаар тоологдох янз бүрийн дурсгал үлдсэн байсныг эрдэмтэд илрүүлсэн. Нэлээд гүн хонхойлж сийлсэн байдаг учраас 100 метр холоос ч маш тод харагддаг байна. Анх 1973 онд судлаачид түрэг бичээс илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар Монголын нутагт 22 газарт түрэг бичээс олдоод байгаа ажээ. Ямаан усаны хадны зургийг 4 талбай болгон авч үздэг.
Янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг. Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг ойлгох боломжтой. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн бололтой. Ямаан усаны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг, гүйцэтгэлээрээ Монголын хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зургийн дурсгалд чухал байр эзэлдэг.