Ховд аймгийн Буянт сумын нутагт байх бөгөөд олон тооны амьтдыг хонхойлон цохиж цоолборлосон дүрс зураглалтай. Амьтдыг гол төлөв сүргээр нь дүрсэлсэн байдаг. Амьтдын дүрсийг гаргахдаа 3 янзын арга хэрэглэсэн байдаг бөгөөд амьтны ерөнхий дүрсийн тигийг хонхойлон гаргах, амьтдын бүх биеийг бүхлээр нь хонхойлон гаргах, амьтдын цээжин хэсгийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж урлах гэсэн аргууд юм. Зургийн гол сэдэв бол ан амьтан бөгөөд адуу, үхэр, буга, аргаль, янгирыг голлон зурсан. Харин цөөн тооны чоно, үнэг, могой зэрэг амьтад бий. Дүрслэгдсэн амьтад тайван тогтуунаар сүрэглэн бэлчиж байгаа байдалтай байдаг. Буга, үхэр, адуу зэрэг амьтны эр хүйсийг танигдахаар тод дүрсэлж, доод талд нь үржлийг бэлгэдсэн утгатай дугуй хонхор гарган дүрсэлсэн бол гүү зэрэг эх амьтныг унагатай нь хамт дүрсэлжээ. 1976 онд хийгдсэн судалгаагаар “Чандманий соёл” хэмээх нэрлэгдэх болжээ.
Чандмань уулыг хаанаас нь ч харсан дүрс нь алдагдахгүй, өвөрмөц сонин тогтоцтой, улаан өнгөтэй уул юм. Тунгалаг устай, гидрокарбонат, сульфат, магникальцит төрлийн хүйтэн рашаантай. Ходоод гэдэсний өвчинд тустай. Хүрэл зэвсэг ба төмөр зэвсгийн үед хамаарах түүх соёлын эд өлгийн зүйлс бүхий булштай.